БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй VI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Парианг суурингийн дунд сургуулийн барилга, хичээлийн танхим, хүүхдийн цэцэрлэгийг засварлан, бүрэн тохижууллаа. Уг ажлыг батальоны барилга, инженерийн салааны бүрэлдэхүүн хагас сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд хичээлийн байрны хана, тааз, хаалга, танхимын ширээ, сандал, шалнаас эхлээд гадна орчны тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, бие засах байрыг шинээр барих зэрэг ажлыг цогцоор хийж гүйцэтгэн албан ёсоор хүлээлгэн өглөө.
Ёслолын ажиллагааг уртын дуу, морин хуурын эгшгээр эхлүүлж, батальоны захирагч, хурандаа Б.Бат-Эрдэнэ баяр хүргэж хэлсэн үгэндээ “Аливаа улс үндэстний хөгжил, дэвшлийн ирээдүй болсон хүүхэд, багачуудын хөгжих, сурч боловсрох орчин, нөхцлийг бүрдүүлэх ариун үйлсэд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа бид бүхэн баяртай байна. Манай хамт олны хүч, хөдөлмөр, сэтгэл шингэсэн энэхүү танхимд олон хүүхэд, багачууд эрдэм номын шимийг хүртэж, боловсрол эзэмшин, эх орныхоо энх тайван, амар амгалан байдлын төлөө хүчин зүтгэж, сайн сайхан амьдралыг цогцлоох нь гарцаагүй” хэмээн онцлов. UNMISS ажиллагааны Бентью хот дахь мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахара “UNMISS ажиллагаанд үүргээ амжилттай үүрэг гүйцэтгэж байгаа MONBATT-ын энхийг сахиулагчиддаа талархал дэвшүүлье. Зөвхөн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй эдгээр цэнхэр дуулгатнууд өөрсдийнхөө чөлөөт цаг, хүч хөдөлмөрөө зориулан Өмнөд Суданы ирээдүй болсон хүүхдүүдэд ийм гайхамшигтай бэлэг барьж байгаад баяртай байна” гэв.
Тус сургууль нь 50-80 гаруй хүүхдийн багтаамж бүхий хичээлийн 4 танхимтай 3 сургуулийн байраас бүрдэх бөгөөд үүнээс I, II байрыг нь IV, V ээлжийн мотобуудлагын батальоны энхийг сахиулагчид засч тохижуулсан түүхтэй.
Ёслолын ажиллагааны төгсгөлд 200 гаруй хүүхдэд дурсгалын зүйл, хичээлийн хэрэгсэл, хувцас зэргийг бэлэглэн, батальоны эмэгтэй цэргийн алба хаагчид монгол орны талаарх танилцуулга, дүрс бичлэг, хүүхэлдэйн кино үзүүлж, цаасаар хайчилбар хийх хичээлийг зааж өгсөнд хүүхдүүд маш их баярлан хүлээн авч байсныг онцлон тэмдэглэе. Мөн энэ өдөр Париан суурингийн хүүхдийн цэцэрлэгээр зочилж, хүүхдүүдэд өөрсдийн урлан бүтээсэн 300 гаруй тоглоомоор бэлэг барилаа.
Эх сурвалж: “Соёмбо” сонин, ахлах дэслэгч Э.Очбадрах