Хэрэв та цагаан хоолтон бол бие махбодид хэрэгтэй бүхий л шимт бодисыг хангалттай хэмжээгээр авахын тулд хоногийн хоолоо зөв төлөвлөж, хоолондоо аль болох олон нэр төрлийн хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, жимс, жимсгэнэ, самар оруулах нь зүйтэй. Эдгээр хүнс нь таны эрүүл мэндэд хэрэгтэй уураг, нийлмэл нүүрс ус, үл ханасан тосны хүчил, аминдэм, эрдэс бодис ихээр агуулдаг.
АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэг болон Канад улсын хоол зүйчдийн холбооноос цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг “Зөв зохицуулсан цагаан нь эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустай” гэж тодорхойлжээ. Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг.Харин жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хурдан шингэцтэй, бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай болохыг шинжлэх ухаан нотолж байна. Цагаан хоол нь ханасан өөх тос, холестеролын хэрэглээг багасгаж, эслэг болон төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч бодисын хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Ийм учраас цагаан хоол тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд дараах давуу талтай болох нь судалгаагаар батлагджээ.
Үүнд:-Биеийн илүүдэл жин багасна.
-Цусанд өөх хуримтлагдахаас сэргийлнэ.
-Зүрх судасны эмгэг, цус харвалтын эрсдлийг 27-42 хувь бууруулж, даралт тогтворжуулна.
-Хорт хавдрын эрсдлийг 20-50 хувь бууруулна.
-Ясны сийрэгжилт, чихрийн шижин, бөөрний өвчний эрсдлийг бууруулна.