“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны урд талын 3,158 метр квадрат талбай бүхий авто зогсоолын шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ.
Авто зогсоолын шинэчлэлийн ажлын явцтай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тохижилт, үйлчилгээ нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, ЧД-ийн замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат нар өчигдөр танилцлаа.
Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүйн улмаас түгжрэл үүсдэг байна.
Урт цагааны урд талын талбайг автозогсоол болгон ашигласнаар замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм. Түүнчлэн энэ хэсэгт байрласан худалдааны асруудыг өөр газар шилжүүлж байгаа юм.
Цаашид Урт цагааны урдуур автозам тавьж Төмөрчний гудамжийг /Найман шаргын зам/ Бөмбөгөр худалдааны төвийн замтай холбосон хоёр урсгал бүхий автозамтай болохоор төлөвлөж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.