“Азийн хамгийн том автомашины үзэсгэлэн” гэгдэх Шанхайн олон улсын автомашины 17-р үзэсгэлэн 19-нд албан ёсоор нээгдсэн ба энэ удаагийн үзэсгэлэн ямар өвөрмөц онцлогтой, “сайн сайхан амьдралын төлөө” гэсэн сэдэвтэйгээ хэрхэн уялдаж байгаа тухай ХОУР-гийн сэтгүүлч Шань Лижуань, Вэн Хайшинь нарын ирүүлсэн нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу.
1985 оноос эхлэн зохион байгуулсан Шанхайн олон улсын автомашины үзэсгэлэнг хоёр жилд нэг удаа зохион байгуулсаар өнөөг хүрсэн ба одоо Хятадын автомашины 3 том үзэсгэлэнгийн нэг, олон улсын автомашины хамгийн дээд түвшний үзэсгэлэн яармагийн нэг болсон төдийгүй, Шанхай хотын нэрийн хуудас болсон байна. Энэ оны үзэсгэлэн “сайн сайхан амьдралын төлөө” уриан дор болж, 18 улс орон, бүс нутгийн 1800 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаагаас хамгийн онцлог, хамгийн их сонирхол татаж байгаа нь ухаалаг автомашинууд юм.
Хэвлэл мэдээлэлд нээлттэй өдөрлөгийн эхний өдөр “Вэй Лай” хэмээх ухаалаг автомашиныг танилцуулсан байна.
“Сайн байцгаана уу, интернет ашиглагчид аа? 2017 оны Шанхайн олон улсын автомашины үзэсгэлэнгийн Вэй Лай брэндийн автомашины павильонд тавтай морилно уу. Өнөөдөр бид та бүхэнд олон шинэ зүйлийг танилцуулах болно. Вэй Лай хэмээх энэ машин анх удаа Хятадад ирж байгаа ба 2016 оны 11-р сад Лондон ЕР9 загвараа танилцуулсан юм. Энэ оны 3-р сард бид Америкийн Остинд ЕVЕ маркийн концепт машинаа танилцуулсан. Харин одоо хамгийн сүүлийн үеийн загвараа та бүхэнд танилцуулж байна…”
Вэй Лэй брэндийн танилцуулсан хамгийн сүүлийн үеийн ЕS8 маркийн машин 7 суудалтай, цэвэр цахилгаан хөдөлгүүртэй SUV юм. Мөн тус брэндийн хамгийн хурдтай EP9 маркийн 10 машиндаа 1 сая 480 мянган ам доллараар захиалга авах болсноо компанийн зүгээс мэдэгдлээ. Энэ нь ухаалаг машин РРТ-ээс концепт руу, хязгаартай тоогоор үйлдвэрлэх зэрэг чухал алхмууд хийж буйг харуулж байна.
Ухаалаг машинаас гадна, Хятадын 6 том автомашины бие даасан аж ахуйн нэгж өөр өөрсдийн хамгийн шилдэг загвараараа үзэсгэлэнд оролцож байна. “Volvo”, “Geely” брэндийн хамтран бүтээсэн дээд зэрэглэлийн “Лин Кэ” хэмээх автомашиныг анх удаа олон нийтэд харууллаа. Үүний дээр олон улсын нэртэй брэндүүдийг нэмбэл энэ удаагийн үзэсгэлэнд нийт 1400 автомашин оролцсоноос 113 нь анх удаа олон нийтэд нээлттэй болж байна. Мөн 159 нь шинэ эрчим хүчний хөдөлгүүртэй, 56 нь концепт машин юм байна.
Орчин үеийн автомашины аж үйлдвэрийн хөгжлийг дагаад, цэвэр цахилгаан хөдөлгүүрт, ухаалаг машин, жолоочгүй машин, олон нийттэй хуваалцах зэрэг шинэ техник, шинэ үзэл баримлал, шинэ загвар олноор гарч, автомашин гэдэг үгийн утгыг тасралтгүй нэмэгдүүлсээр байна. Шинэ эрчим хүч, мэдээжүүлэлтээр удирдуулсан технологийн шинэ урсгал нь автомашины хүчин чадлыг нэмэгдүүлж, автомашин нь зөвхөн зам харилцааны багаж хэрэгсэл төдий бус, харин хүний амьдралын нэг арга хэлбэр болон хөгжиж байна.
Шанхайн автомашины группийн захирлын туслах Цай Бинь: “Дэлхийн хэмжээнд автомашины салбарт цахилгаанжих, интернетэд холбогдон ухаалаг болох, бусадтай хуваалцах гэсэн хэдэн том хөгжлийн хандлага гараад байгаа бол Хятадын аж ахуйн нэгжүүд энэ өөрчлөлт, хандлагаас хоцролгүй хичээж байна” гэжээ.
“Дотоодод л гэхэд улам олон аж ахуйн нэгж шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэх болжээ. Одоо 11 аж ахуйн нэгж шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэх зөвшөөрөл авсан. Үүний зэрэгцээ нийгмийн их хэмжээний хөрөнгө, ялангуяа интернет салбарын аж ахуйн нэгжүүд автомашины салбарт хөл тавьж, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх, бүтээгдэхүүний шинэчлэл, техникийн өөрчлөлтөд түлхэц өгч байна. Интернетийн нөлөөгөөр автомашины хүчин чадал, үйлчилгээнд тасралтгүй шинэ агуулга нэмэгдсээр байна. Энэ талаар манай компани хамгийн түрүүнд Алибаба групптэй хамтран интернет SUV “ROEWE-5″ машинаа амжилттай үйлдвэрлэж, зах зээлээс өндөр үнэлгээ авч байна. Энэ машин удалгүй улам олон шинэ хүчин чадалтай болж зах зээлд гарна.”
Харин Гуанжөүгийн автомашины группийн ерөнхий захирал Фэн Яшиний ярьснаар, автомашины салбар эрчим хүчний хувьсгал, интернетийн хувьсгал, ухаалаг хувьсгал зэргийг туулж байгаа болохоор Хятадын уламжлалт автомашины аж ахуйн нэгжүүд шинэ сорилттой тулгарч байгаа юм байна.
“Аж ахуй нэгжүүд цар хүрээгээ тэлэх хэрэгтэй болжээ. Аж ахуйн нэгжийн нөөц баялаг, хүчин чадал тогтсон хэмжээ хязгаартай байгаа нь манай уламжлалт аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хамгийн хатуу сорилт юм. Ажил төрлийн салбарын бүтэц өөрчлөгдөж байгаа нөхцөлд сорилт байж л таарна. Энэ нь бид болон шинэ хэлбэрийн ажил төрлийн салбарын хөгжилд нөгөө талаараа томоохон боломж олгож байгаа юм.”
Ухаалаг машин, шинэ эрчим хүчний машин, концепт машин зэрэг нь энэ удаагийн Шанхайн олон улсын автомашины үзэсгэлэнг шинэ эрч хүчээр сэлбэж, дотоодын бие даасан брэндүүд олон улсын брэндүүтэй өрсөлдөж байна.
Д.Хүчитбаатар