Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг хууль бусаар нурааж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн эмч ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг дээрээ мэдээлэл хийсэн юм.
Хан-Уул дүүргийн ЭМН-ийн дарга Т.Пүрэвчулуун болон эмч ажиллагсад “нураасан барилга бол манай эмнэлгийн “А” корпус байгаа юм. Энэ барилгад 2005-2012 онд Замын цагдаагийн байгуулага байрлаж байгаад гарсан юм. Тэгээд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн энд 12 давхар орон сууц барих гээд барилгыг нурааж эхэлсэн.
Мөн түүнчлэн шууд хэвтэн эмчлүүлэх тасаг болон усан эмчилгээний тасаг яг энэ нурааж байгаа барилгын цаана байдаг. Тус тасгуудын дотор хананд цууралт өгсөн байгаа. Хажуу хана нь одоо дан тоосгон байдалтай үлдсэн. Эмнэлэг бол онцгой обьект 30 метрийн дотор барилга байгууламж барих ёсгүй гэтэл энд хуулийг гууль болгож байна”. Үүнээс үүдэн манай эмнэлэг халуун усгүй болсон. Эмнэлэгт маань олон төрлийн өвчтэй хүмүүс хэвтэж эмчлүүлж байгаа тохиолдолд ямар нэгэн халдварт өвчин гарвал хэн, ямар байгууллага нь хариуцах болж байна”. Газар нь манай эмнэлгийн мэдэлд буй хэрнээ энэ газар орон сууц барина гээд байгаа нь үнэхээр хүндрэлтэй байна. Одоо дулааны шугам нь ил гарчихсан байгаа хүйтний улирал болохоор бид дулааны асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй байна. Гэтэл манай эмнэлэгт хөл хөдөлгөөн маш их байдаг.
Албаныхан эхлээд Эмнэлгийн барилга гэж хэлээд л барилга барьдаг, дуусаад орон сууц болчихдог гэсэн юм.
Тус эмнэлэгийнхэн төр засаг энэ асуудал дээр ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол бид эцсийн арга хэмжээгээ авч, тэмцэх болно” гэв. Эмнэлэгийнхэн асуудал үүсэхэд Мэргэжлийн хяналтын газарт хандсан боловч, хяналтийнхан шалгалт хийсэн зөвшөөрөлтэй газар байна гэсэн хариу өгсчээ.
Мөн хотын даргад хандсан байна. Хотын дарга харин энэ асуудлын талаар ажлыг нь зогсооно, гаргасан шийдвэрт нийцэхгүй үйл ажиллагаа байна гэсэн хариу өгсөн гэлээ. Одоогоор асуудал нэгдсэн үр дүнд хүрээгүй байна.