Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод АНУ-ын Эрчим хүчний яам, Баруун хойд Номхон далайн үндэсний лабораторийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж “Цацраг идэвхт бодисыг илрүүлэх, хариу арга хэмжээ авах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сүхбаатар, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчдыг хамруулав.
Сургалтыг Монгол Улсын хилээр цацраг идэвхт бодис, цөмийн материалыг хууль бусаар тээвэрлэх явцад түүнийг илрүүлэх, саатуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчдын чадавхийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан юм. Цаашид цацраг идэвхт бодис, цөмийн материал тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл, зорчигч илэрсэн үед хариу арга хэмжээ авах, эрсдлийг үнэлэх дасгал сургуулилтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бусад хилийн боомтуудад зохион байгуулна.