ТББ-ууд болон иргэд 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахад тэмцэнэ гэв

Өнгөрсөн хонргуудад 29 дүгээр тусгай сургуулийн багш нартай холбоотой таагүй мэдээлэл олон нийтэд цацагдаж багш нар нэр төрөө хамгаалахаар хуулийн байгууллагад хандаж байсан. Тэгвэл энэхүү үүсээд буй нөхцлийн байдлын талаар өчигдөр сурагчдын эрхийг хамгаалахаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ, Ерөнхий сайдын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвлөх С.Сэлэнгэ, “Ноцтой мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Б.Галсансүх, нар тус сургуулийн сурагчдад тулгамдаад байгаа асуудлын талаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж дараах мэдээллийг хийсэн юм. Ингээд хурлын эхэнд “Ноцтой мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Б.Галсансүх дараах тайлбарыг өгсөн юм.

Б.Галсансүх: Монголын хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүсийг доромжилж байна

Манай ах дүү хамаатан саданд хэлгүй, сонсголгүй хүмүүс байдаг. Монголын хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүсийг доромжилж байна. Ийм хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хэвлэлийн хурал зохион байгуулахгүй бол болохгүй байна. 50 жил энэ сургуульд бугшсан бузар булай тэсэрч, ил болж гарч байгаа талаар би сонссон. Сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөөд энэ асуудал намдчихгүй. Үүнийг өдөөн турхирч байгаа өмгөөлөгч Г.Батбаяр болон багш нарыг ойлгохгүй байна. Багш нарыг өмөөрөөд байгаа өмгөөлөгч Г.Батбаяр өмнө нь хүний мөнгө залилсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан. Мөн бусдын биед гэмтэл учруулсан гэсэн хэрэгт холбогдож байгаад өршөөлийн хуульд хамрагдаж байсан хүн. Гэтэл өнөөдөр 29 дүгээр сургуулийн багш нарыг өмгөөлөөд хуульч хийгээд явж байгааг эсэргүүцэж байна. Ийм хүмүүс өмгөөлөгч хийж яваад хууль хяналтын байгууллагынхан анхаарах цаг нь болсон. Тиймээс 29 дүгээр сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтран ажиллахыг энэхүү хэвлэлийн бага хурлаар уриалж байна” гэлээ.

О.Амаржаргал: Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны гүйцэтгэх захирал

29 дүгээр сургуулийн өмгөө­лөгчөөр ажиллаж байгаа Г.Батбаяр гэдэг хүн сонсголгүй хүнийг сэтгэцийн өвчтэй мэт үзсэн. Тиймээс би өнөөдөр /өчигдөр/ 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, эцэг эхийн эрхийг хамгаалахад бидэнтэй хамтран ажиллаач гэж хуульчид болон өмгөөлөгч нарт уриалмаар байна. Би өөрөө сонсголгүй хүүхэдтэй. Тиймээс сонсголгүй хүүхэд бол сэтгэцийн өвчтэй биш гэдгийг зориуд онцлон хэлмээр байна. Багш нар дохионы хэлээр ганц харилцах нь нийгэмшихэд нь муу нөлөөтэй гэдэг нь буруу зүйл. Хүүхдүүдэд дохионы хэлнээс гадна харах чадвар дээр нь суурилж мэдлэг эзэмшүүлэх ёстой. Тэгвэл ЕБС-ийн хүүхдүүдтэй адил түвшинд сурах боломжтой. Холбогдох яам тамгын газрууд сурч, хөгжих нөхцлийг бий болгож, төр өөрөө бодлого боловсруулж байж шийдэгдэх ажил” гэлээ.

Т.Цэдэнбал: “Монголын сонсголгүй иргэд” ТББ-ын тэргүүн

Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн гэж хуулинд заасан байдаг. Бид олон жил тэвчсэн. Өнөөдөр үгээ хэлэх цаг болсон. 50 жилийн түүхтэй энэ сургуулийн багш удирдлагууд сонсголгүй хүүхдийг дарамталж байсныг хараад сэтгэл өвдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль 2005 онд батлагдсан. Тиймээс тус хуульд сонсголгүй хүний эх хэл дохионы хэл мөн гэж хүлээн зөвшөөрсөн. Би 29 дүгээр сургуулийг төгссөн. Одоогийн нөхцөл байдал ч мөн тухайн үед байсан. Олон жил тэвчсэн. 50 жилийн түүхт сургуулийг хараад сэтгэл маань урагдаж байна. Хүүхдүүд дохионы хэлээр хичээл заа гэж хэлснийх нь төлөө өмгөөлөгч хөлсөлж авч, 60 гаруй багш хүүхдүүдийн эсрэг турхирч байгаад харамсч байна. Г.Батбаяр өмгөөлөгч өөрөө хууль бус үйл ажиллагаа хийж байна. Сонсголгүй иргэдийг мэдэхгүй хэр нь тэднийг мөнгө бизнес, эрх ашгийгн төлөө ашиглаж байна.
Хүүхдүүдийн нөхцөл байдлыг судлахгүй багш нарын эрх ашгийг хамгаалж байгаа нь буруу. Энэ сургуулийн захирлыг халаад э асуудал шийдэгдэхгүй. Бид дарамтлуулсаар ирсэн. Одоо бидний тэмцэх цаг ирсэн. Багш нарыг буруутгаж байгаа юм биш. Боловсролын системийг сайжруулаач гэж хүсч байна. Захирлыг нь сонгохдоо сонсголгүй иргэнд давуу эрх олгож бидний үгийг сонсох хэрэгтэй гэж бодож байна. Сонсголгүй хүний дуу хоолойг сонсох хэрэгтэй. Бидний төлөө үнэн сэтгэлээсээ ажиллах хүн томилно гэж найдаж байна.
Цаашид бидний эрх ашгийг хязгаарлахаа больцгоо. Бид сонсохгүй нь хамаагүй, бид бүгдийг мэдэж, бүгдийг харж байдаг. Бид мал биш. Хэрэв Г.Батбаяр бидний эсрэг үйл ажиллагаагаа зогсоохгүй бол тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлнэ” гэв.

С.Сэлэнгэ: Ерөнхий сайдын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвлөх

Бид Боловсролын яам, нийгэм хамгааллын яаманд дохионы хэлний үйлчилгээ эрхлэх журмыг яаралтай гаргахыг шаардаж байна. Хүүхдүүд шаардлага хүргэснээсээ хойш 30 хонож байна. Тэдний шаардлагыг хүлээж авах цаг нь болсон. Боловсролын салбар бол онцгой салбар.
Гэтэл аль нэгийн намын юм уу төрийн бодлогоор гарч ирсэн хүн боловсролын салбарыг удирдаж байна. Энэ тусгай сургуулиудын хувьд мэргэжлийн өндөр чадвартай хүн удирдах ёстой. Сонсголгүй хүнийг ялгаврлан гадуурхаж байгаа нь гэмт хэрэг. 29-р сургуулийн багш нар мэргэшсэн байх учиртай. Хүн хөгжиж дэвжих ёстой биз дээ. Сонсголгүй хүүхдийн тухай зүйд нийцэхгүй юм ярьж байгаад дургүй хүрч байна.
Хүний чанар, ёс зүй хаана байна? Хэл ам гаргаад байгаа дохионы хэл сурдаггүй багш нарыг өөрчилье. Сурган хүмүүжүүлэгч суралцагчдаа сэтгэцийн өвчтэй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр боловсролын яаманд тусгай сургуулийг хариуцсан хэлтэс байгуулмаар байна. Сүүлийн үед яригдаж байгаа энэ асуудал бол хүний эрхийг зөрчиж байгаа явдал. 29-р сургуульд сэтгэл засал, согог зүйч, нийгмийн ажилтан зэрэг тусгай мэргэжлийн хүмүүс хэрэгтэй” гэлээ. Ямартай ч дээрх нэр бүхий ТББ-ууд болон иргэд 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж цаашид тэмцэх болно гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …