Ж.Эрдэнэбат: Улаанбаатар хотыг технологийн хот болгон хөгжүүлэх ёстой

Ж.Эрдэнэбат: Улаанбаатар хотыг технологийн хот болгон хөгжүүлэх ёстой

“Хотын хөгжил–Шинжлэх ухаан-Технологи” сэдэвт олон улсын бага хурлын нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд эрчимтэй шилжиж байна. Энэхүү соёл иргэншлийн гол жишээ нь Улаанбаатар хот юм. Тиймээс бид өнөөдөр Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэстэй орчин цагийн технологийн хот болгон хөгжүүлэх ёстой. Зөвхөн нэг хороо, нэг дүүргээр хэсэгчлэн хөгжүүлэх боломжгүй. Хотын хөгжлийг бүтнээр нь, цогцоор нь харсан инженерийн шийдлээр л хөгжүүлэх ёстой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа. Инженерийн шийдэлтэй их хот буюу метрополис хотыг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго байх болно” гэлээ.

Ерөнхий сайд цааш хэлэхдээ “Улаанбаатар өнөөдөр хүн амын өсөлтөөрөө метрополис хотын түвшинд хэдийнэ хүрсэн ч хөгжлөөрөө хоцорч явна. Бусад хотууд хэрхэн хөгжиж байна вэ. Тэр жишгээр Улаанбаатар хот хөгжих ёстой. Үүнийг бодит ажил хэрэг болгохын төлөө мэргэжлийн инженерүүд ухаанаа зарж, улс төрчид, хотын удирдлагууд тэднийг сонсож, ажил хэрэг болгох нь хотыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх үндэслэл гэж үзэж байна. Нийслэлийн удирдлагууд “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Айл бүр, хүн болгоныг аз жаргалтай амьдруулах нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүрэх энэ хотын зорилгыг ойртуулахын төлөө улс төрийн эр зориг гаргаж, энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон та бүхэнд Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …