Сэтгүүлчдийг шалгах биш сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийн асуудлыг шалгадаг болооч

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Undesten.mn, BreakingNews.mn, Zindaa.mn сайтуудыг цагдаагийн байгууллагад өгч, сэтгүүлчдийг өөрийг нь гүтгэлээ хэмээн гомдол гаргаж, дарамталсантай холбогдуулан Монголын Сайтын Холбоо /МоСаХ/ гишүүн сайтуудынхаа эрхийг хамгаалах үүднээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хурал 13:00 цагаас “MNBC” кабелийн телевизийн байран дахь “Live conference center” хэвлэлийн бага хурлын танхимд болсон юм. Хуралд МоСаХ-ны ерөнхийлөгч Э.Батхүү болон Undesten.mn, BreakingNews.mn, Zindaa.mn, Paparatsi.mn сайтын удирдлагууд оролцсон юм. Тэдний зүгээс гишүүн сайтууд болон тэдгээрийн сэтгүүлчдийг хамгаалах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг зарлан хуралдуулж байгаагаа мэдэгдээд цагдаагийн байгууллага эхлээд сэтгүүлчдийг шалгаж, тэднийг айлгаж дарамтлах бус сэтгүүлчдийн бичсэн нийтлэлд дурдсан асуудлыг шалгадаг болмоор байна гэдгийг дурдсан юм. Мөн цагдаагийн байгууллага сэтгүүлчийн бичсэн нийтлэлд дурдсан асуудлыг шалгаад, ор үндэсгүй гүтгэсэн болохыг нь тогтоовол сэтгүүлч болон тухайн редакци хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байх болно гэдгийг мэдэгдсэн юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд тэрбээр “Б.Чойжилсүрэнгийн хязгааргүй шунал МАН-ыг шороотой хутгасаар байна” гарчигтай нийтлэл болон “Тосон бумбын нулимс” I, II, III цуврал нэвтрүүлэгтэй холбоотойгоор дээр нэр дурдсан сайтуудын эсрэг гомдол гаргасан бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс өчигдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний  өдөр /5 сарын 3/ цөөнгүй сэтгүүлчийг цагдаагийн газрын үүдэнд 4-5 цаг уяж залхаан цээрлүүлжээ. Мөн энэ байдал дан ганц өчигдөр бус удаа дараа болж, цагдаагийн байгууллага улстөрчдийн захиалгаар сэтгүүлчдийг байсхийгээд дуудаж, байцааж, олон цагаар үүндэндээ хүлээлгэж, сүрдүүлсэн маягтай ажиллаж байгааг дурдсан юм. Тиймээс сэтгүүлчид өөрсдийнхөө эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж, цагдаагийн байгууллагыг нэг талыг барьж ажиллахгүй байхыг зөвлөсөн юм.

Зүй нь бол цагдаагийн байгууллага улстөрчийн захиалгаар миний эсрэг зүйл бичсэн сэтгүүлчийг ямар ч хамаагүй аргаар шийтгэ гэсэн үүрэг даалгаврын дагуу ажиллахаас илүү сэтгүүлчийн, тухайн редакцийн бичсэн нийтлэлд дурдсан асуудлыг үнэнд нийцэж байгаа эсэхийг шалгах ёстой. Тэгтэл цагдаагийн байгууллага асуудлын араас явах бус, оффис дотроо суучихаад хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн хүсэлтээр сэтгүүлчдийг дарамталж, айлган сүрдүүлж, захиалагчаа хэл, эх сурвалжаа хэл гэх зэргээр ажиллаж байна. Ерөөсөө сэтгүүлчид бол “Нийгмийн эмч хүмүүс”. Бид нийгэмд үүссэн идээ бээрийг цэвэрлэх, шахах ажлыг хийж, дахиж тийм зүйл давтагдуулахгүй төлөө ажилладаг. Гэвч эрх ямбандаа хэт бялуурсан улстөрчид өөрсдийнх нь хязгааргүй эрх ашигт тээглэсэн сэтгүүлчдийг боомилох гэсэн, дуу хоолойг нь хаах гэсэн үйлдлүүд гаргасаар байна.

Саяхан л гэхэд Зөрчлийн тухай хуулинд сэтгүүлчийг 10 саяар, редакцийг 100 саяар торгох заалтыг улстөрчдийн зүгээс оруулж ирсэн. Ингэхдээ улстөрчийн эсрэг нийтлэл бичсэн сэтгүүлч, редакцийн хөндсөн асуудлын үнэн бодит байдлыг шалгахын оронд шууд гүтгэсэн гэсэн зүйл заалтанд оруулж цагдаагийн байгууллагын түвшинд хаах гэж оролдсон явдал юм.

Уг нь одоогийн хуулиар улстөрч буруу зүйл хийсэн үү аль эсвэл сэтгүүлч улстөрчийг гүтгэж бичсэн үү гэдгийг цагдаагийн байгууллага шалгаад шүүхээр шийдэгддэг юм. Тэгтэл улстөрчийн хууль бус үйлдлийг нийгэмд дэлгэвэл шууд гүтгэсэн гэсэн зүйл ангид орж, түүнийгээ үнэн бодит гэдгийг шүүхээр таслуулж чадахгүй торгуульд унах аюулд ороод байв. Ямартай ч, 112 гишүүн сайттай Монголын сайтын холбоо сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалж, цагдаагийн байгууллага шууд сэтгүүлчдийг буруутгадаг байдлын эсрэг бат зогсохоо илэрхийллээ.

Эцэст нь гэхэд, Тавантолгойгоос урд хил рүү нүүрс тээвэрлэдэг жолооч, тэдгээрийн ар гэрийнхэн, дэлхийд ганцхан Тост, тосон бумбын нурууны иргэдийн мэдээллээр бүтсэн  “Б.Чойжилсүрэнгийн хязгааргүй шунал МАН-ыг шороотой хутгасаар байна” гарчигтай нийтлэл болон “Тосон бумбын нулимс” I, II, III цуврал нэвтрүүлэгт дурдсан асуудал үнэхээр үнэн бодит уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох нь зүйтэй болов уу.

Төгс

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …