Ихэнх эцэг эхчүүдийн хувьд, бага насны хүүхдийнхээ чихэрлэг хоол хүнсний хэрэглээг хязгаарлаж, шүдээ тогтмол зөв угаахад сургахыг хичээдэг. Хэдийгээр шүдээ тогтмол угааж, чихэрлэг хүнсний зүйлсээс татгалзсан ч хүүхдийн шүд цоорох нь элбэг юм. Тэгвэл цоорол үүсэхэд хоол хүнсний хэрэглэх хэмжээ, давтамж хамгийн чухал байдаг.
Бага насны хүүхдийн сүүн шүдийг хэдий чинээ эрүүл байлгана, ясан шүд нь төдий чинээ эрүүл, зөв байрлалтай ургахад сайнаар нөлөөлдөг. Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдийн сүүн шүдийг “Дахин ургана” хэмээн амны эрүүл ахуйг нь сайтар ойшоодоггүй сул талтай. Хүүхдийн сүүн шүдийг сайтар арчилж, хамгаалж байх нь маш чухал бөгөөд хүүхэд шүдээ арчлах зөв дадалтай болсноор ирээдүйд тохиолдох олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Иймээс, бид хүүхдийн шүдний эрүүл ахуйг хэрхэн зөв сахих, шүдэнд ээлтэй болон ээлгүй хоол хүнсний хэрэглээ, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг болгон түгээх цуврал мэдээллийг хүргэж байна.
ХҮҮХДИЙН ШҮД ЦООРОХ ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
-
Хоол идэхэд аман доторх хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд байлгах, шингэлэх, хамгаалах чадварыг зохицуулж байдаг шүлс өдөрт хүнд таван удаа ялгардаг. Өөрөөр хэлбэл өдөрт таван удаа хоол идэхэд шүлс амны хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд хүргэж чадна. Харин үүнээс хойш шүлс хамгаалах үүргээ гүйцэтгэж чадахгүй.
- Шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулахын тулд чихэрлэг хоол хүнсийг бусад цоорол үүсгэдэггүй хүнсний зүйлтэй хослуулж хэрэглэх
- Сахар агуулсан хоол хүнсийг үндсэн хоолноос гадна хоол хоорондын амттанд хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын амттаныг хэрэглэх хэрэглээний давтамжийг бууруулах
- Сахар агуулсан хоол хүнсний дотроос наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлэх тул хоол хоорондын амттаны төрлүүдээс аманд үлдэж, шүдэнд хялбар наалдах амттанаас татгалзах
- Паалангийн эргэн эрдэсжих үйл явцыг дэмжихийн тулд хоолны хооронд шүлсний ялгарах хурдыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн амттай бүтээгдэхүүнийг хэрэглэх
- Зажилж идэх хоол хүнс нь шүлс ялгаруулж, шүдний гадаргууд өөрөө цэвэрших үйлчлэл үзүүлдэг тул хатуулаг хоолыг сайн зажилж идэх
- Чихэрлэг хоол хүнсийг идэж уусны дараа амаа усаар зайлах буюу сахаргүй бохь зажлах
- Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасах учир орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг уух зүйлээс аль болох татгалзах
- Бага насны хүүхдийг унтах үед нь сүү, шүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг аль болох угжаар өгөхгүй байх
- Эхчүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх. Бага насны хүүхдэд бид чихэрлэг зүйлийг өгөхдөө нэг дор хүссэн хэмжээгээр идүүлсний дараагаар шүдийг нь угаавал эрсдэл бага, харин бага багаар, олон давтамжтай өгөх нь шүд цоорол үүсэх өндөр магадлалтай юм.
Эх сурвалж: НЭМГ