Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийх үеэрээ Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй Брюссель хотноо өчигдөр /2017.05.05/ уулзав.
Уулзалтаар талууд ардчилал, хүний эрхийн төлөө нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхолд тулгуурласан Монгол-Бельгийн харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлов.
Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааны асуудлаар ярилцаж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.
Мөн тэд бүс нутгийн болон олон улсын сонирхсон асуудлуудаар санал солилцож, ардчилал, хүний эрхийн чиглэлээр хөгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх үүднээс хоёр улсын Гадаад хэргийн яамд хооронд байнгын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байхаар тохиролцов.
Эх сурвалж: ГХЯ