Эх орны дайны ялалтын 72 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Нэгэн цагт Монгол, Оросын цэрэг дайчид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, цус урсгасан дайнд ялалт байгуулсан бөгөөд тэдний ялалтыг мөнхжүүлэх, үрэгдсэн цэрэг дайчдаа санан дурсах үүднээс дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Ялалтын маршал гэгдэх Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалаханы дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов болон Беларусь улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Казахстан улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон Монголын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд оролцов. Мөн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилчид ард түмний хөдөлгөөн болох “Үхэшгүй хороо” үйл ажиллагаанд нэгдэн дайнд оролцсон, ар талд ажиллаж байсан төрөл садангийн гэрэл зургийг барин цэцэг өргөх ёслолд оролцлоо.
Монголчууд дэлхийн хоёрдугаар дайнд онцгойлон оролцсон. Тодруулбал, 1942 онд БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ. 1943 онд БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ.
Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд “фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй.