Эрчүүдэд зориулав:Фитнесийн хамтрагчтай байхын давуу талууд

Өнөө үеийн монгол залуус маань биеийн эрүүл мэнддээ ихээхэн ач холбогдол өгдөг болж. Тэдгээр залуусыг ч дагаад фитнес, бие бялдаржуулах клубуудын тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр. Уншигч та ч фитнест явдаг л биз. Харин фитнесийн хамтрагчтай байхад зорилго, сонирхол нэгт нөхөдтэй болж,  маш олон ашигт ажиллагааг өөртөө бий болгож чаддаг. Энэ яг л “бие бялдрын хөгжил” нэртэй хичээлийг анги хамт олноороо судалж байгаа мэт нийгмийг хамарсан мөн сонирхолтой байсаар ирсэн. Хичээвэл үр дүнгээ харна, үгүй бол үр дүн ойлгомжтой “F” дүн өөртөө тавина. Танд фитнесийн хамтрагч байдаг уу? Эсвэл та чихэвчээ зүүгээд л зөвхөн өөрийгөө дайчилдаг нэгэн үү? Хэрэв тийм бол хамтрагчтай байхын ашиг тусаас сонирхуулъя.

ХАРИУЦЛАГАТАЙ БАЙНА

Өөртөө зорилго тавиад зогсохгүй, бусдад хэн гэдгээ харуулахын тулд хариуцлагатай байж чаддаг. Тэднийг хүлээлгэхгүй, хүлээхгүй байхын тулд ядаж л фитнесдээ тогтмол, цагтаа ирж цагийн хуваарийнхаа дагуу дасгал хийж тууштай байснаар бие бялдрын дасгалаа зуршил болгоход илүү хялбар байх болно. Мөн ганцаараа ажиллахаас илүү урам зориг авдаг гэдэгтэй та ч санал нийлэх байх.

  1. ШИНЭ ЗҮЙЛИЙГ ОРОЛДОЖ ҮЗЭХ ХАМТРАГЧТАЙ БОЛНО

Зарим хүмүүсийн хувьд нэг л зүйлийг байнга хийгээд байхад уйтгартай санагдаж зуршил болгохоосоо өмнө хийхээ зогсоодог нь фитнест явахаа больдог нийтлэг шалтгаан. Тэгвэл энэ асуудлыг фитнесийнхаа хамтрагчтай хамт зөвхөн бие бялдрын хөгжилдөө анхаарал хандуулахаас гадна арай өөр төрлийн зүйлс сонирхож, оролцож, хамт хийхийг хичээгээрэй. Ингэж чадвал та болон түүний сонирхол нэмэгдэж, тэрхүү сонирхлыг дагаад анхны холбогч болсон фитнес ч сонирхолтой байсаар байх болно.  Хүн ихэвчлэн шинэ зүйлийг туршихаас эмээдэг ч өөр хэн нэгэнтэй хамт байхдаа шинийг турших зоригтой болдог. Харин тэрхүү сонирхож болох зүйл таны булчингуудыг төмөр өргөхөөс арай өөрөөр хөгжүүлдэг юу ч байж болно. Тухайлбал: загасчлах, хөл бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис тэр ч бүү хэл хаданд авирах спорт гэх мэт. 

  1. НЯХУУР БОЛНО

Тодорхой жинтэй өргөлтийн дасгалын үед өөрөө болон хамтрагчаа гэмтэж бэртэхээс хамгаалж, туслахад хэзээд бэлэн хажууд зогсож л байдаг. Өөрөөр бол фитнесийн хамтрагч гэдэг өргөх техникийг ч зааж өгдөг, өөрийн мэдэх бүхий л зөвлөгөө өгдөг хувийн дасгалжуулагч л гэсэн үг. Бие биенийхээ аюулгүй байдлыг хангахын тулд та илүү няхуур хандах болно.

  1. ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛНА

Заримдаа бусадтай хамтран ажиллах үед хүн өөрийгөө илүү дайчилдаг. Миний л хувьд тийм байсан. Багаар ажиллах шаардлага гарах бүрд олон хүний өмнө хариуцлага хүлээснээ мэдэрч, хамгийн сайнаараа хичээдэг байлаа. Хэрэв хүн чамайг ажиглаж байгааг мэдвэл улам л хичээдэг нь хүний зан юм даа. Өөрийгөө дайчилж хүссэн үр дүндээ хүрч өөрийгөө батлах үед та үнэхээр гайхалтай зүйлсийг ч цаашид хийж чадна гэдгээ ойлгож эхэлдэг.  Өөрийгөө чадварлагаар мэдэрсэн үед энэ итгэл найдвар таны амьдралын бусад амжилтын салбарт руу хөтөлж болно.

  1. НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОНГОО ЭРҮҮЛ МЭНДДЭЭ Ч АНХААРНА

Фитнест бид зөвхөн дасгал хийж бие бялдраа хөгжүүлээд зогсохгүй нийгмийн харилцаанд мөн орж байдаг нь хамгийн сайхан. Дуртай, өөрт хэрэгтэй зүйлээ хийж найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлнэ гэдэг фитнесээсээ тарж ирэхдээ бөөн эрч хүч, эерэг энерги мэдрэх бас нэгэн шалтгаан болох нь ч бий.

  1. НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ БОЛНО

Аз жаргалтай, баяр баясгалантай хүмүүсийн дийлэнх нь нийгмийн харилцаанд идэвхтэй, бусадтай цагийг зугаатай өнгөрүүлж чаддаг хүмүүс байдаг. Бүлгийн дунд нэгэн гишүүн болон нэгдэж дасгал сургуулилт хийнэ гэдэг бусадтай харилцах таатай боломжийг үргэлж олгож байдаг. Фитнесийн хамтрагчид нэг зорилготой байдаг учраас түүндээ хүрэхээр хичээх хугацаандаа сайн нөхөрлөлийг бий болгож чаддаг. Фитнест явна гэдэг нөхөрлөлийг бүтээх ямар гайхалтай энгийн арга вэ? Өнөөгийн нийгэмд бидний амьд харилцаа багассаар байна. Нэг талаар фитнес бидэнд бүлгийн, биечилсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бусадтай харилцах харилцааны ур чадварт суралцуулж байдаг юм.

Эх сурвалж:erhvn.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …