Хуурамч тос, тосолгооны материал худалдаж байсныг илрүүлжээ

НМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт шатах тослох материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд хийсэн хяналт шалгалтын талаар  мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр автомашины эд ангийн /хөдөлгүүр, хурдны хайрцаг бусад эд анги/ тос, тосолгооны материал хэрэглэгч, худалдан авагчдын мэдлэгийг дээшлүүлэх, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэж эрсдэлд оруулахгүй байх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэлээ.

Манай улсад ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Герман, Австрали зэрэг улс орнуудаас импортоор оруулж ирсэн тос, тосолгооны материалыг автотээврийн хэрэгслүүд, хүнд машин механизмуудад өргөн хэрэглэж байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн болон хурдны хайрцагт зориулагдсан тос хамгийн өргөн хэрэглэгддэг ба эдгээр тоснуудыг зориулалтын агуулах, худалдааны төв, автозасварын газрууд, ШТС-ын дэргэдэх тос худалдаалах цэгүүд, зам дагуу байрласан жижиг худалдааны ТҮЦ-үүдээр худалдаалдаг.
Зам дагуу байрлалтай жижиг ТҮЦ-үүдээр лац нь хөдөлсөн, тосны шинжилгээний бичиггүй, хэрэглэх зааваргүй тос тосолгооны материалууд худалдаалагдаж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Жишээ нь: Иргэн эмэгтэй н./нэрийг нууцлав/ 1 литрийн савалгаатай Мобил нэрийн моторын тосны саванд хямд үнэтэй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй тосыг савлан Мобил тосны гэрээт борлуулалтын худалдааны төвд худалдаалагдаж байсан шинэ тостой сольж байгаад дэлгүүрийн хяналтын камерт бичигдэж үлдсэнийг манай байгууллагын хяналт шалгалтын явцад тус дэлгүүрийн ажилтнууд болон улсын байцаагч нар хамтран илрүүлсэн.
Дээрх сольсон тосыг гадуур гар дээрээс болон тос худалдаалах зөвшөөрөлгүй цэгүүдээр худалдаалж иргэдийг хууран мэхэлж хохироодог байсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ. Хуурамч байх магадлалтай тосыг лабораторийн шинжилгээнд оруулахад тосны зууралдах шинж шаардлага хангаагүй байна.Иймд иргэд автомашины тос тосолгооны материал худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарч худалдан авалтаа хийхийг анхааруулж байна.
• Тос худалдаж авахдаа тосны шинжилгээний бичиг, хэрэглэх заавар зэрэг холбогдох бичиг баримтуудыг шалгах
• Худалдаж авах тос, тосолгооны материалын сав баглаа боодол, хаяг шошго, лац таглаа битүүмжийг сайтар шалгаж авах. Савны гадна талд үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацаа, зориулалт, хэмжээ, тосны ангилал зэрэг мэдээллүүдийг бичсэн байдаг ба онгойлгох таг нь лацтай дотор талдаа уян давхар тагтай байдаг.
• Савны шошго дээр тосны ангилал буюу Зунгалаг чанар-тосны хир өтгөн шингэн болохыг тодорхойлсон үсгэн тэмдэглэгээ байдаг. SAE ангилал нь тосыг ямар улиралд хэрэглэхийг тогтоодог. Жишээ нь: Өвлийн тос: SAE 0W, 5W, 10W, 15W, 20W, 25W Winter-Өвөл /W-Өвөл гэсэн үг/, Зуны тос: SAE 20, 30, 40, 50, 60. Summer-Зун, Бүх улирлын тос: SAE 5W/30, SAE 0W/40, SAE 10W/30 гэх мэт.
• Автомашины хөдөлгүүр, хурдны хайрцагын тос солихдоо өөрийн тээврийн хэрэгслийн эд анги дээр тэмдэглэгдсэн тэмдэглэгээний дагуу тосны ангилал, маркийг сонгох нь зүйтэй. Ангилал таарахгүй тос хийж хэрэглэснээс болж автомашины хөдөлгүүр, хурдны хайрцаг, бусад эд ангиудад эвдрэл гэмтэл гарах магадлалтай байдаг байна.
• Автомашины хөдөлгүүрийн тос солих хоолойн таган дээр тосны марк ангилалыг тэмдэглэсэн байдал зэргийг сайтар үзэж худалдан авалтаа хийхийг зөвлөж байна. Түүнчлэн тосолгооны материал худалдаалах худалдааны төв, автозасварын газар, ШТС-ын дэргэдэх тос худалдаалах цэг зэрэг баталгаат бүтээгдэхүүнээр үйлчилдэг газруудыг сонгож үйлчлүүлэх нь зүйтэй юм.

НМХГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …