Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд Д.Нацагдоржийн хөшөөг байрлуулна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулах тухай, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  ОНӨААТҮГ байгуулах төсөл, Өвөлжилтийн бэлтгэл ажлын эрчимжүүлэх тухай, Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай тус тус хэлэлцлээ.  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25–ны өдрийн А/121 дугаар захирамжийн дагуу Хүй долоон худагт “Монгол наадам цогцолбор”-ын хүрээнд автомашины зогсоол, худалдаа үйлчилгээний бүс, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, контейнер нойл зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Гэвч эдгээр эд хөрөнгийг харж хамгаалах байгууллага байхгүйгээс өнөөдрийн байдлаар 8 ширхэг цахилгааны шит хулгайд алдагдсан, төв талбайд уралдааны машинаар шарвалт хийж зам талбайг сүйтгэж, явган хүний замаар эвдэрсэн байдалтай байна. Тиймээс эдгээр бүтээн байгуулалтын ажлыг эзэнжүүлэх, арчлах, хамгаалах, дараагийн арга хэмжээнүүдэд ашиглалтын бэлэн байдлыг хангах үүднээс “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ–г байгуулах шаардлагатай байгаа талаар Ерөнхий менежер хэлсэн юм. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь хүй долоон худагт бэлэн болсон нийтийн зориулалттай орон нутгийн өмчийг олон нийтийн арга хэмжээ, баяр наадам зохион байгуулж, талбай болон эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан Орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар байна. Нийт 24 хүний бүтэц орон тоотой. Төрийн ёслол, Улсын баяр наадам, Тив улсын чанартай спортын болон сонирхогчдын тэмцээн, уралдаан, спортын төрөл бүрийн арга хэмжээ, Шоу болон цэнгээнт арга хэмжээ, Гадаад болон дотоод худалдаа, Нийтийн амралт, зугаалга, үйлчилгээ зэргийг зохион байгуулан ажиллана. Энэхүү байгууллага байгуулагдснаар жил бүр зөөвөрлөн байрлуулах сандал, бие засах газар, хогын сав гэх мэт эд хогшлын гэмтэл эвдрэл багасаж үргүй зардал буурна. Мөн  Цаашид хийгдэх төсөл, хөрөнгө оруулалтын ажлын байнгын хяналттай болж,  зарцуулагдах хөрөнгө, санхүүгийн үндэслэл, үр дүн сайжирна. Уг асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ 2013 оны 9 сарын 4-ний өдрөөс байгуулахаар боллоо.
Шаардлагатай инженерийн шугам сүлжээ шинэчилнэ
Тэргүүлэгчдийн хэлэлцэн дараагийн асуудал бол өвөлжилтийн бэлтгэл ажлын эрчимжүүлэх тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 6/27 дугаар тогтоолоор Орон сууцны хороолол доторх шугам сүлжээг хонгилийн системд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү төсөл арга хэмжээнээс үлдэж байгаа 324,3 сая төгрөгийг 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай инженерийн шугам сүлжээ шинэчлэх, аваарийн нөөц бэлтгэх ажилд зарцуулах юм. Үүнд: БЗД-ийн 16-р хорооллын УС-15 ЦТП-ийн бойлерийн халаах гадаргууг нэмэгдүүлэх,ЧД-ийн 23-р сургуулийн дулааны шугамын холболтыг өөрчилж 4а магистральд шилжүүлэх, СХД-ийн  Жаргалант тосгоны Захирагчийн алба, сургууль дотуур байр, цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, багш, ажилчдын байруудыг дулааны шугамыг сольж шинэчлэх зэрэг 6 ажлыг хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тэргүүлэгчид хэлэлцэн хөрөнгө зарцуулахыг санал нэгтэйгээр баталж тогтоол гаргалаа.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгуулахаар боллоо
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл байгуулах тухай” Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар  НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазрууд нь зам засвар тэмдэглэгээ, ногоон байгууламж, тохижилт, борооны болон үерийн ус зайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд нь ажлын нэгдмэл уялдаагүй, үр ашиггүй зардал ихээр гаргаж байна. Түүнчлэн 686 хүний орон тоотой боловч улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг.  155 машин механизмтай боловч ажиллаж байгаа нь цөөхөн тул хүрэлцээ муутайн дээр сул зогсолт ихтэй ажилладаг. Тиймээс эдгээр 3 газрыг татан буулгаж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгуулахыг Тэргүүлэгчид хэлэлцэн 100 хувийн саналаар баталж, 2013 оны 9 сарын 9-ний өдрөөс байгуулахаар боллоо. Энэхүү газар байгуулагдснаар хотын нийтийн үйлчилгээ болон инженерийн хангамжийн 24 цагийн шуурхай үйлчилгээтэй болж, хаягжилт, гудамж зам талбайн арчлалт хамгаалалт сайжрах юм.
Улаанбаатар Зочид буудлын өмнө Нацагдоржийн хөшөөг байрлуулна
Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар танилцууллаа. Монголын орчин vеийн утга зохиолын vндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөө нь “Үндэсний Соёл амралтын хүрээлэнд” байдаг. Уг хөшөө нь нийтдээ 7 метр өндөртэй, 9 тонн жинтэй. Өнөөдрийн байдлаар эргэн тойрондоо барилгаар хүрээлэгдсэн үзэгдэх орчин болон хамгаалалт алдагдсан байдалтай байна. Тиймээс тус хөшөөг шилжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Тус хөшөөг  Улаанбаатар Зочид буудлын өмнө болон Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн өмнө байрлуулах санал гаргасан бөгөөд Тэргүүлэгчид хэлэлцэн Улаанбаатар Зочид буудлын өмнөх  цэцэрлэгт хүрээлэнд байршуулахаар тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …