Д.Дагвадорж аварга Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээнцэр охинд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ

Их аварга Асашёорү Д.Дагвадорж  Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн зээнцэр охин болох н.Лхамжав гуайд  өөрийн зүгээс дархан хотод хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ.

Энэ тухайгаа Д.Дагвадорж цахим хуудсандаа “Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгааг уламжлаарай. Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай” гэж бичжээ.

н.Лхамжав гуай  Дархан хотод зээ хүүгийн хамтаар амьдардаг ба сарын тэтгэвэр болох 150 мянган төгрөгөөр амь зуудаг байна.


Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн  Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын байлдааныг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байсан.

Дамдинсүрэн бол зөвхөн цэргийн жанжин төдийгүй Монгол улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа. 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан Хиагтын хэлэлцээрт Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Монгол үндэстний нэгдмэл нэгэн улс байх байр суурин дээр тууштай зогсож байсан  зүтгэлтэн юм.  Мөн тэрээр  Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр “Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан байдаг.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …