Урин дулаан цаг ирж, бага насны хүүхдүүд замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцох тохиолдол нэмэгдэж байгааг Замын цагдаагийн газраас мэдээлэлж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тул Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа бага насны хүүхдүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.
Тухайлбал хяналт шалгалтын үеэр Хан-уул дүүргийн 18 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч харгалзах хүнгүйгээр хичээлээ тараад замын хөдөлгөөнд оролцож явж байхад замын цагдаагийн алба хаагчид нягталж үзэхэд тухайн хүүхдийн анги удирдсан багш нь хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан нь тогтоогджээ. Тиймээс тухайн багшид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ тооцжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан багш, эцэг эхэд хариуцлага тооцох хуулийн заалт бий. Иймээс эцэг эх, сурган хүмүүжилэгчид хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг замын цагдаагийн албанаас анхааруулж байна.
Г.Нараа