Нийслэл хотод хаврын бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ хавар автозамын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм. “Зам нь их хэмжээгээр эвдэрсэн, тохижилт муу, тоос шороо их, машин эвдрэх болон осол гарах шалтгаан боллоо” хэмээн иргэдийн бухимдаж байсан энэ замыг 4 эгнээ болгон өргөтгөж, явган зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэх юм. Өнөөдөр хотын дарга С.Батболд СХД-ийн 2 дугаар хороонд очиж, зам засварын ажилтай танилцлаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэхдээ “Энэхүү зам 23 метр өргөнтэй. Замын зорчих хэсэг нь 14 метр, хоёр талдаа тус бүр 3 метрийн өргөн явган хүний замтай, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй байна. Хөгжлийн банкны 14.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдээд явж байна. 2 том гүүртэй. 1 нь 42 метр, нөгөө нь 38 метрийн урттай, 22 метрийн өргөнтэй гүүрний ажил хийгдэж байна. Замын ажилд нийт 59 айлын газар дайрч байгаа. Үүнээс 13 газар чөлөөлөлт нь удаашралтай байна. Үлдсэн газруудыг чөлөөлөх ажил эхэлсэн.” гэлээ.
3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны 10 дугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах гэрээт хугацаатай. Харин замын зорчих хэсгийг 6 дугаар сарын 30 гэхэд нээх зорилт тавьжээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд замын ажил удаашралтай явагдаж байна гэсэн дүн тавьлаа. Ажлаа эрчимжүүлж, иргэдэд хүндрэл учруулалгүй явуулах үүргийг гүйцэтгэгч компанид өглөө.