Г.Аюурзана: Миний ном түүнд л амттай уншигдахгүй бол бусад хүн хэзээ ч олж үзэх ёсгүй

Та бидний цаг үеэс 100 гаруй жилийн өмнө Монголд хүмүүс хэрхэн амьдарч байсныг урнаар өгүүлсэн нэгэн шинэ номыг зохиолч, яруу найрагч Г.Аюурзана саяхан хэвлүүллээ. Уламжлал ёсоор Г.Аюурзанын ном худалдаанд гарсан эхний сардаа эрэлт ихтэй байгаа тул хүмүүс одоо яг ид уншиж буй биз ээ. “Сахиуст хангайн нууц” хэмээх энэхүү шинэхэн роман бол Г.Аюурзанын хэвлүүлж буй 43 дахь ном юм. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг 1994 онд төгссөнөөс хойш тэрээр яруу найраг, хүүрнэл зохиол, судлал, орчуулгын төрлөөр тус бүрт нь арав гаруй ном бичиж, Д.Батбаяр, Л.Өлзийтөгс зэрэг маш олон зохиолч, яруу найрагчийн номыг ариутган шүүсэн.

Түүний хамгийн сүүлд бичсэн “Сахиуст хангайн нууц” романд буй “Ерөөс хорвоо гэдэг гагц нарны бус, ухаантай хүмүүсийн л гэрэл гэгээнд байдаг зүйл” хэмээх үгнээс урамшиж Г.Аюурзанатай ярилцлага өрнүүлэхээр асуулт бэлтгэн, өдтэй бичиг илгээсэн ба түүнээс ирүүлсэн хариуг та бүхэнд дэлгэж байна.

“Сахиуст хангайн нууц” романд Сайн ноён хан аймгийн Жонон засгийн хошууны амьдрал, түүх гарах бөгөөд өнөөгийн бидний нүдээр харж дассан өнцөгөөс биш, яг л тэр үед амьдарч байсан хүмүүсийн сэтгэлээс хэлсэн гэлтэй үнэн тодорхой үйл явдлууд гарна. Зохиолын гол дүр болох Ятган хуурч хэмээн алдаршсан Жонон бэйл Пүрэвжавын 1924 оноос өмнөх амьдрал тэр чигтээ бидний одоо мэдэж, санахгүй байгаа нэг зуун жилийн өмнөх түүхийг бүхэлд нь өгүүлж байна. Тиймээс энэхүү шинэхэн зохиолоо хэрхэн бичсэн тухайгаас нь эхлээд асуултаа зэхлээ.

Ярилцлага хүргэхийн өмнө танд тодруулж хэлэхэд Г.Аюурзанын шинэ бүтээл бол залуу цагийн “Дурлалгүй ертөнцийн блюз” (2002), “Амь тавьж буй шувууны далавч” (2006) зэрэг хотожсон ертөнцөөс сэдэвлэсэн, модернист өнгө аястай, сэтгэлгээний дэвшилтэт өнцгөөс бичиж, тогтсон хэм хэмжээг эвдэж, өөрийн гэсэн ертөнцийг урлаж байсан зохиолуудаас нь нэлээн ондоо болсон санагдлаа. Түүгээр ч зогсохгүй “Бөөгийн домог” (2010) романаас эхэлж Г.Аюурзанын туурвилын нэг гол сэдэв болсон тэнгэрлэг, далд ертөнцийн онгод, сахиус хийгээд Буддын гүн ухааны тухай өгүүлсэн романуудаас нь ч нэлээн өөр болжээ. Юу нь өөр вэ гэвэл “Шүгдэн” (2012), “Цагаан, Хар, Улаан” (2014), “Судасны чимээ” зэрэг зохиолууддаа тэрээр язгуур монгол ухааны олон салаа мөчир болсон тууль хайлах, судас барьж хүн анагаах, тэнгэр шүтэх хийгээд бурханы сургаалиар амьдрах зэргийг ямар нэгэн байдлаар орчин үеийн амьдралтай холбож бичиж байсан.
“Бөөгийн домог”-т Буриад, “Шүгдэн”-д Ордос, Хөх нуур, “Хар Цагаан Улаан”-д Ховд, “Судасны чимээ”-нд Өвөр Монголын нутагт орчин цагт Монголчууд хэрхэн амьдарч байгааг тэр тодорхой дүрслэн үзүүлж, тэдний үнэ цэнэ хаана, хэрхэн оршдогийг өгүүлсэн. Харин “Сахиуст хангайн нууц” шинэ романд бол зөвхөн төрсөн нутаг Баянхонгор аймгийн нутагт бүх үйл явдлаа төвлөрүүлжээ.

Өгүүлж буй газар нутаг нь ганц Жонон засгийн хошуу боловч энд хайр сэтгэл, сүсэг бишрэл, төр улс, шашин шүтлэг, хөрш улсууд, хятад, монголчууд гээд ердөөсөө бидний оршин буй ертөнцийн хамгийн чухал бүхнийг нэг дор багтаажээ. Тэгэхдээ аанай л ид шидлэг, уран яруу бичиж, хайр сэтгэл, харуусал ухаарлын үнэн сэтгэлээр өгүүлж, баялаг сантай баримт түүхээр дүүргэсэн нь гайхалтай. Яг л “Тунгалаг Тамир” романаар Ч.Лодойдамба гуай бидний мэдэхгүй тэртээх ХХ зууны эхэн үеийн амьдралыг ямар үнэн бодот бичсэн шиг. Мэдээж Г.Аюурзана учраас илүү мэдрэмтгий, хайр сэтгэлийг адармаатай бичихийн сацуу орчлонгийн хүрдэн дэх хүний амьдралын утга учир бол үйлийн үрээ цэгцэлж, гэгээрэхийн төлөө үргэлж зөв замнах ёстой гэх ухаарлыг өгүүлсэн байгаа.

Ярилцлагын өмнө ийм олон зүйл нуршсанд уншигч танаас хүлцэл өчье. Зохиолч, яруу найрагчдын хийж бүтээсэн зүйл бол дүрслэх урлаг шиг шууд харагддаггүй. Үгээр бичсэн ямар ч бүтээлийг нь бүжиг шиг үйлдлээр үзүүлж, хөгжим шиг сонороор хүргэлгүй, шат дарааллаар нь зураглан хэлэх хэрэгтэй болдог. Тиймдээ ч ном гэдэг уншсан хүнд л нууцаа үзүүлдэг учиртай болов уу. Тэгэхээр утга зохиолын ертөнцөд шимтэж амжаагүй хүмүүс болоод идэр залуучуудад товч мэдээлэл хүргэх зорилгоор энэ бүхнийг дурдлаа.

Таныг шинэхэн номоо хэвлүүлж, уншигч бидэнд дахин нэгэн гайхалтай ертөнцийг нээн үзүүлсэнд баярлалаа. Анх 2000 онд та “Шинэ үеийн номын сан” цувралын эхний яруу найргийн бус номоо гаргаснаас хойш 17 жил өнгөрчээ. Сүүлийн үед та “Гүн паблишинг” гэх нэрийн дор номоо гаргах болсны учир сая хэвлүүлсэн “Сахиуст хангайн нууц” номонд ерөнхийдөө тайлагдах шиг боллоо. Таны зохиолд зөвхөн нутаг ус тань бус өвөг дээдсийн тань амьдрал бүхэлдээ багтсан бололтой. Зохиолд гарч буй үйл явдлуудын хэр олон нь бодот амьдралаас сэдэвлэгдсэн бэ? Зарим хүмүүс уран зохиол гэхээсээ түүхэн бодот үйл явдал гэж хүлээж авч байж магадгүй юм.

Номын эхэнд байгаа “Ханхар-Гүн уулс танаа өргөв” гэсэн үг Хангайн уулсын эртний их өргөмж нэр л дээ. Учир начрыг нь нэг бүрчлэн дурдвал, зарим хэт шинжлэх ухаанч хүмүүс хүлээж авахгүй байж магадгүй тул ингэсхийгээд орхизноё. Гэхдээ анхаарч уншсан хүнд энэ үгийн уг гарал тодорхой болсон байх аа. Номд гарч буй үйл явдлуудын түүхэн сурвалж, нэмж чимсэн зохиомж хоёрын харьцаа ойролцоо. Мэдээж, роман учраас зохиол тал нь давамгай л даа. Миний өвгө дээдсийн амьдрал багтсан гэхээсээ илүү, романы гол баатрын амьдралтай тэд маань шүргэлцсэн зарим нэг тохиолдлоос цухас цухас дурдагдсан гэвэл үнэнд нийцнэ.

Романд Балдан зочи хэмээх ламын чандраар хэдэн Бурхан багшийн дүр бүтээгээд шавь нарт нь түгээсэн тухай нэг өгүүлбэр бий. Тэдгээр дүрийн нэг нь өвөөд минь ирсэн юм билээ. Чандраар үйлдсэн гэх, жигтэйхэн уран нарийн хийцтэй тэр бурхныг би багадаа тоглож байгаад хагалчихсан юм. Мөнгөн гуу нь одоо нэг нагацынд маань бий. Романд гарч буй Осор гүртэн бол миний өвөөгийн нагац ах, Дамдинсүрэн гавж харин эмээгийн минь нагац, ноёны аягач Мөндөн бол миний эмээгийн ээж юм.

“Надаас дэндүү хол хүмүүс дэргэд сууна
Насаар хэдэн зуу ах хүмүүс зэргэлдээ амьдарна” 
гэж таны шүлгэнд өгүүлж буй зүйл “Шүгдэн”, “Бөөгийн домог”, “Судасны чимээ”, “Сахиуст хангайн нууц” романуудад гарлаа. Энэ сэдэв таны дараагийн бүтээлүүдэд үргэлжлэх үү?

Багад минь эмээгийн ярьдаг байсан хууч яриа их л алсын, бүүр түүр зүйл шиг санагддаг сан. Одоо энэ романыг биччихээд бодоход тэдгээр ярианд нэрлэгдсэн хүмүүсийг би маш сайн мэддэг юм шиг совин төрж байна. Яг бичиж суух үед зарим нэг явдлын битүү учир хар аяндаа л тодорхой болоод ирсэн шүү. Бидний тайлбарлаж чадахгүй, ямар нэгэн далдын уяа шижим, урьд эртийн ерөөл тавилан байсных биз ээ. Дараагийн зохиолын сэдэв ярихад эрт байна. Зохиол чинь бичигдэх явцдаа л өөрөө зам голдирлоо олоод урсчихдаг юм. Анх бодож төлөвлөсөн зүйлээс хол зөрөх нь ч бишгүй.

“Бичсэн бүхнээ эргэн харах сэтгэлд тун ч таатай” (Г.А) гэх мөрийг харахаараа таныг аль номондоо хамгийн хайртай вэ гэж асуумаар санагддаг. Надад бол эхэлж уншсандаа болохоор ч тэр үү “Балчир шүлгүүд”, “Философийн шүлгүүд”, “Амь тавьж буй шувууны далавч” гурав хамгийн шилдэг нь хэвээр байгаа. 

“Балчир шүлгүүд” бол цэвэр тохиолдлоор хэвлэгдчихсэн ном. Тухайн үед, Зохиолчдын эвлэлээс манай үеийнхний анхны номыг хэвлэхээр болоход, энд тэнд гараагүй шүлгүүдээ тэмдэглэлийн дэвтрээс хам хум шүүрдээд өгсөн нь тэр л дээ. Арай дөнгүүр гэж үзсэнийгээ би өөрөө сорчилж “Ганцаар цайвар навч” хэмээх жижигхэн түүвэр бэлдчихээд байсан үе таарсан юм. Яг бичигдсэн даруйдаа ямар ч шүлэг хамгийн сайхан нь болчих шиг санагддаг даа, тиймээс шинэхэн болоод ч тэр үү, “Сахиуст Хангайн нууц” одоохондоо сэтгэлээс холдоогүй, хүүхдээр бол нялхын үнэртэйгээ байна. Энэ үнэрийг сарниахын тулд өөр ном л эхлэх хэрэгтэй.

Таны бүтээл туурвилын гол урамшуулагч нь хэн бэ?

Мэдээж, уншигчид.

“Хэвтрийн хүн” зохиолоор тань кино хийх гэж буй найруулагч С.Бямбаа яг энэ ажлаар одоо Каннд яваа байх. Энэ хамтын ажиллагааны талаарх сонин, сайхнаас бидэнтэй хуваалцаж болох уу?

“Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд” гарсны дараахан л Бямбаа ах “Хэвтрийн хүн”-ээр кино хиймээр байна гэж ярьж билээ. Тэр ном 2002 онд гарсан гээд бодохоор арван хэдэн жилийн өмнөх яриа юм уу даа. Бямбаа ах энэ зохиолыг надаас илүү мэдэрч, бүр дотор нь яваад орчихсон байсан нь их гайхалтай санагдаж билээ. Ер нь би сүүлийн үед нэг тийм, сүсэг гэмээр хачин фаталист үзэлтэй болчих гээд байна. Тэр үзлээр бол, Бямбаа ахын найруулж хийх “Хэвтрийн хүн” хэмээх кино цаг хугацааны өөр нэгэн давхарлагт хийгдчихсэн л байж л дээ. Бид бол ердөө тэр давхарлаг тийш очих замаа олох гээд яваа л хүмүүс юм шиг. Ямар ч шүлэг, ямар ч ном, кино, зураг, хөгжим цөмөөрөө яг л хүнтэй адил өөрийн хувь заяатай. Түүнийг нь бид өөрсдөө бий болгодог бус, ердөө л хайж очих ёстой болдог, тийм нэг аль эртнээс зурагдчихсан төөрөг тавилан ч байж мэднэ. Тийм учраас л бүтээлч байна гэдэг биднээс биш, онгод тэнгэрээс хамаардаг ч юм бил үү? Энэ бол тийм ч шашинлаг үзэл биш. Миний олж харснаар бол, хамгийн атеист хүн ч хувь тавиланд итгэдэг, эс бөгөөс итгэхэд бэлэн л явдаг юм билээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

 

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …