Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж болон зээлээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 (ЭМСХХ-4) төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн Барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй хийх гэрээнд 2 тал гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Гэрээний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр 150-200 ортой, 7-8 төрлийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх, жилд дунджаар 47,000 гаруй үйлчлүүлэгчдэд амбулаторийн, 10,000 гаруй үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг барихын зэрэгцээ орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлээр хангах юм.
Уг арга хэмжээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцож хэлсэн үгэндээ Олон улсын Өрсөлдөөнт тендерт Австри улсын Вамед инженеринг компани шалгарсан. Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй өндөр өртөгтэй (24.800.000 ам доллар бүхий) томоохон хөрөнгө оруулалтын төслийг талууд төлөвлөсөн цаг хугацаанд амжилттай хэрэгжүүлж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ онцоллоо.
Эх сурвалж:ЭМЯ