Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгийг Жанжин Д.Сүхбаатарын талбай болон 9 дүүрэг, 21 аймгийн Засаг даргын Тамгын газарт 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Жанжин Д.Сүхбаатарын талбайд болж буй арга хэмжээнд Хүний эрхийн үндэсний комисс, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын олон улсын ба үндэсний арбитр, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллага хамтран оролцож байна.
Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг нээж Монголын өмгөлөөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран нэг өдрийн турш иргэдэд мэргэжлийн зөвлөгөөг өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөг нь бүх дүүрэг, 21 аймгийн ЗДТГ-т нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Цаашид бид энэ өдөрлөгийг чанарын өндөр төвшинд, тогтмолжуулж, иргэдэд ойр ажиллах болно” гэв.
Хүний эрхийн үндэсний комииссын дарга Ж.Бямбадорж “Би өмгөөлөгчийг өмөөрөгч гэдэг талаас нь ойлгож боддог. Учир нь, өнөөдөр хэдийгээр хэрэг хийж, зөрчил гаргаж, эрх нь хязгаарлагдаж байгаа иргэнийг шүүхэд төр олон талаас оролцдог. Гэтэл тухайн хүнийг зөвхөн өмөөрч өмгөөлөгч л оролцдог. Бид энэ онд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд олон талт ажлыг хийх болно. Монголын нийт өмгөөлөгчиддөө хүнийг хамгаалах энэ ариун үйлсдээ улам их амжилт гаргаарай гэж хүсье” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Монголын өмгөөлөгчдийн холбоотой НЗДТГ хамтран ажиллаж байгаа. 2017 оныг нийслэлийн Засаг даргын зүгээс “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд бид нар иргэдэд хууль зүйн мэдээ мэдээлийг хүргэх, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн зааланд зохион байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 3000 орчим иргэнд зөвлөгөө өгч, тусалсан байна. Иргэд ийнхүү хууль эрх зүйн мэдлэгтэй болсноор төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд тустай юм. Энэ мэт нийтийг хамарсан үйл ажиллагааг цаашид зохион байгуулсаар байх болно” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.