Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Токио хотноо болж буй “Азийн ирээдүй” форумд оролцлоо.
Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг энэхүү форумын 6 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойшхи хуралдаанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил илтгэл тавьж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, тус бүс нутгийн хөгжил, төлөвийн талаарх манай байр суурийн тухай танилцууллаа.
“Азийн ирээдүй” форумыг Японы “Никкей” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 23 дахь удаагийн энэхүү хуралдаанд Япон, Индонез, Вьетнам, Лаос, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг улсаас дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Гадаад харилцааны сайд энэхүү форумд оролцсоноор манай улс Азийн улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, тус бүс нутагт чиглэсэн бодлого, үйл ажиллагааг ойлгуулан таниулахад чухал ач холбогдолтой болов. Форумын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Японы “Никкей сонин”, “Никкэйн Азийн тойм” сэтгүүл, “Никкэй CNBC” телевизэд тус тус ярилцлага өгөв.
ГХЯ