АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй АН-ын нарийн бичгийн дарга нар, АЭХ, АЗХ, ААХ-ны төлөөлөгчид наймдугаар сарын 21-27-ны хооронд БНХАУ-ын КН-ын урилгаар тус улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Ц.Оюундарь дарга ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны сайд Ван Зя Руй, ХКНын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Зохион байгуулалтын яамны сайд Жао Лэ Зи болон эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага, намын анхан шатны удирдлагуудтай уулзалт хийв.
АН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа
Айлчлалын эхэнд Сайд Ва Зя Руй ХКН-ын урилгыг хүлээн авсан төлөөлөгчдөд талархал илэрхийлж, сайн хөршийн найрамдалт харилцаагаа цаашид улам бүр бэхжүүлэн, хоёр талын айлчлалыг харилцан нэмэгдүүлэх, иргэд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээллийг хүртээмжтэй болгох, харилцан туршлага солилцох сонирхолтой байгаагаа дурдав.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь АН 23 жилийн түүхэндээ анх удаа гурван шатны сонгуульд ялалт байгуулан, олон жилийн зорилго тэмүүллээ биелүүлэх боломж бүрдсэнийг дуулган, АН-ын иргэдээ ажилтай орлоготой болгох бодлогын хүрээнд хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлж, аж ахуй эрхлэгч иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, Хятадын өндөр технологийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийн төлөвлөлтийн туршлага солилцуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Мөн түүнийг ХКНын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Зохион байгуулалтын яамны Сайд Жао Лэ Зитэй уулзах үеэр хоёр улсын хараат бус, бие даасан, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлж, боловсон хүчнийг бэлтгэх солилцоо хийж намын дэргэдэх ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын харилцааг өргөжүүлэх, эдийн засгийн салбарын харилцааны бүхий л хамтын ажиллагааг дэмжиж, үр дүн гаргахын төлөө ажиллахаа сайд Жао Лэ Зи илэрхийлж байлаа.
Айлчлалын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны саналуудыг дэмжиж, хоёр намын харилцаа нь эрх баригч намуудын харилцаа болон өргөжиж, дан ганц намын төдийгүй улс орны түвшинд харилцаагаа уялдуулах шаардлагатай болсныг тэмдэглэн, хоёр орны улстөрийн сайн харилцааны хүрээнд бусад салбарын харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэв.
АН-ын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь АН Засгийн эрхийг авсанаас хойш гадаад улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ ач холбогдолтой болж байна.
АН-ын хэвлэлийн алба