БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д элчин сайдаар суухаар болсон. Улмаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс БСШУС-ын сайд асан Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар огцруулсан.
Тэгвэл Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлт гээд энэ салбарын хувьд ажлын ачаалал өндөртэй байгаа энэ цаг үед салбарын сайдын суудал эзгүй байгаа тул сайдын асуудлыг яаралтай шийдэх нь эрх баригчдын хувьд чухал болоод байгаа.
БСШУС-ын сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Шинжлэх Ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор /Sc.D/ профессор, Академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилохыг дэмжлээ. Маргааш УИх-ын нэгдсэн чуулганаар энэ асуудал хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх юм. Хэрвээ УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжвэл ийнхүү боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж ирсэн эрдэмтэн хүн боловсролын салбараа удирдахаар боллоо.
Түүний намтарын товчоог танилцуулья.
– Г.Чулуунбаатар нь 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал
– 2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал
-2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал
– 2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын даргийн ахлах зөвлөх
– 1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал
– 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
– Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн /одоог хүртэл/
– Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн
– 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Судалгааны төвийн захирал
– 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох юм бол Мэргэжлийн засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан МАН-ын амлалт нэг шатаар ахисан хэрэг болно гэж ажиглагчид дүгнэж байна.
Г.Чулуунбаатар академичийн хувьд боловсролын байгууллагад олон жил багшлахын зэрэгцээгээр судалгааны ажил хийж байсан, нийгмийн шинжлэх ухааны салбарт мэргэшсэн эрдэмтэн судлаач тул бодлогын яамыг амжилттай удирдаад аваад явчих хэмжээнд бэлтгэгдсэн өндөр боловсролтой нэгэн юм.
Ц.Мөнх