Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, германы талаас Холбооны Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Норберт Рийдэль нар тэргүүлэн оролцов.
Хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх механизм болох энэ уулзалтын үеэр талууд Монгол, Германы улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ болон бүс нутаг, олон талт харилцааны асуудлуудаар санал солилцов. Тухайлбал, Берлин хотноо 2016 онд хуралдсан Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ болон “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн 5 дугаар уулзалтын үеэр хоёр талаас тавьсан саналууд, германы талын санхүүжилтээр хэрэгжих төслүүдийг бодит ажил болгохын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.
ГХЯ