Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимаас 2017 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол-Америкийн IV бизнес уулзалт, хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад тус тус оролцов.
Сайд Ц.Мөнх-Оргил уг арга хэмжээнд оролцсон Монгол, Америкийн 50 гаруй хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөгчдөд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулж, хямралыг даван туулах, хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих, хамгаалах, эрх зүйн орчинг тогтвортой байлгах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх болон эдийн засаг, худалдааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, АНУ болон бусад улстай хийгдэж буй хоёр талт яриа, хэлэлцээ, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, тэдгээрээс гарч эхэлсэн зарим бодит үр дүнг танилцууллаа. Түүнчлэн хөрөнгө оруулагч аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, хүндрэлтэй асуудлын тухай чих тавин сонсч, сонирхсон асуултанд хариулж цаашид улам сайн хамтран ажиллах шаардлагатай байгааг хэллээ.
Мөн үеэр сайд Ц.Мөнх-Оргил Дэлхийн банкны Худалдаа, өрсөлдөх чадварын асуудал эрхэлсэн Тэргүүн дэд дарга хатагтай А. Гонзалестай уулзаж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх болон Монгол Улс бусад улстай байгуулахаар ажиллаж буй хоёр талт худалдааны гэрээ, хэлэлцээрт Дэлхийн Банкны туршлагыг нэвтрүүлэх, зөвлөгөө авч хамтран ажиллах боломж зэрэг асуудлаар ярилцав.
Эх сурвалж:ГХЯ