С.Энхтүвшин: Сүүлийн 14 хоног нэг ч бороо хур ороогүй улмаас хуурайшилтын зэрэг өндөр байгаа

БОАЖЯ, ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр Монгол Улсын Шадар сайдад ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин сүүлийн 14 хоног нэг ч бороо хур ороогүй. Тиймээс ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгааг тодотгов. Хэд хэдэн удаа үүлэнд нөлөөлж бороо оруулах оролдлого хийжээ. Гэвч хур тунадасны агууламжтай үүл орж ирээгүй тул амжилтгүй болсон байна. Засгийн газраас 1000 ширхэг борооны пуужингийн мөнгө шийдэж өгсөн байна. Энэ пуужин нь долдугаар сард орж ирэх аж. Одоогоор бороонд нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа гэлээ.

Мөн энэ үеэр ОБЕГ-аас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх сурталчилгаа, мэдээллийн талаар ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр танилцуулсан.

Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх холбогдох байгууллага, албан хаагчдад үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд Улсын Онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан, Ойн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалт баялагийг ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг үүрэг болголоо.

Мөн Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын мэдээгээр авсан ой, хээрийн гал түймрийн голомт, тархалтын зураг, хуурайшилтыг мэдээллийг шуурхай боловсруулан дор бүр нь ОБЕГ-т хүргэж байх, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг боломжтой нөхцөл байдалд хэрэгжүүлэх чиглэлийг өгөв.

Түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт Түймрийн эрсдэл ихтэй бүх нутгуудад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын цэг байгуулах, урамшуулалт морин эргүүл ажиллуулах, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, түймэр унтраах ажилд дайчлагдан ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай хангалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг, чиглэл хүргүүлэхийг Улсын Онцгой комиссын ерөнхий нарийн бичгийн даргад даалгалаа.

Ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг хуулийг дагуу тогтоон, хариуцлага хүлээлгэх ажлыг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулан, ялангуяа нийслэлийн ногоон бүсэд зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн үед мэргэжлийн анги, албад, нутгийн иргэдийг татан оролцуулах, шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагаас дэмлэг авах саналаа холбогдох журмын дагуу яаралтай танилцуулан шийдвэрлүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчид гал түймрийн нөхцөл байдлыг талаар мэдээлэл хүргэх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …