Д.Ширэндэв: Хэн ч өөрийн дур зоргоор бусдыг тагнаж, чагнаж болохгүй

Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн өмнө Монгол Ардын намын удирдлагууд 60 тэрбум төгрөг босгож төрийн албыг хэрхэн хуваарилаж байгаа талаарх ярианы бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодовыг хууль хяналтын байгууллагаас баривчлах гэж байна, түүний оршин сууж байгаа гэр, орон сууцыг цагдаагийн алба хаагчид бүсэлсэн байдалтай байна гэх мэдээлэл олон нийт, сошиал орчинд нэлээд шуугиан болж олны анхаарлыг татаж байна.

Тиймээс бид Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд   хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэвээс тодруулга авлаа.

-Өчигдөр иргэн Г.Доржзодовыг цагдаагийн байгууллагаас байрлаж байгаа байшинд нь нэгжлэг хийж, баривчилж хорих гэж байна гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байлаа. Прокурорын байгууллагаас баривчлах зөвшөөрөл авсан гэсэн мэдээлэл хүртэл гарсан байсан. Өчигдрийн үүссэн асуудалд прокурорын байгууллагаас ямар тайлбар өгөх вэ?

-Г.Доржзодов гэж хүний тухайд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих” гэсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ба энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Тэгэхээр эрүүгийн хэрэгт сэжигтэн этгээдийг хойшлуулшгүйгээр баривчлах, бусдын орон байр болон эд зүйл, биед нь үзлэг, нэгжлэг хийх зэрэг албадлагын арга хэмжээг явуулахдаа заавал урьдчилан прокурорт танилцуулж зөвшөөрөл авсаны үндсэн дээр хийгдэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зохицуулсан байдаг.  Дээрх хэрэгт би өөрөө хяналт тавьж байгаагийн хувьд нэг зүйлийг албан ёсоор хэлье. Өнөөдрийн байдлаар иргэн Г.Доржзодов гэж хүнд холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэрэгт Мөрдөн байцаах байгууллагаас ямар нэг албадлагын арга хэмжээ авах тухай санал, тогтоол гаргаж прокуророор батлуулсан зүйл огт байхгүй. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг тэр хүнийг хуулийн байгууллагаас гэр оронд нь нэгжлэг хийх, баривчилж хорих гэж байна гэдэг мэдээлэл ор үндэсгүй ташаа мэдээлэл гэдгийг юуны өмнө хэлье.

-Цагдаагийн байгууллагаас Г.Доржзодов гэж хүнд хамгаалалт авсан гэдэг тайлбарыг хийж байгаа. Гэтэл Г.Доржзодов нь хамгаалалт аваагүй харин цагдаагийн албан хаагчид хэдэн өдөр гэрийнх нь гадаа түүнийг отож тандаж байна гэх мэдээллийг өгсөн. Энэ нь ямар учиртай юм бэ?

– Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийн хувьд Г.Доржзодов нь Тагнуулын байгууллага болон Прокурорын байгууллагад хандаж “..Надад болон манай гэр бүл, ойр дотны хүмүүсийн амь нас эрүүл, мэндэд аюул занал хийж байна, тийм учраас хуулийн байгууллагаас хамгаалалтанд авч өгнө үү..” гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Ер нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогч гэхчлэн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийг хамгаалалтанд авах асуудал бол хууль, тогтоомжийнхоо хүрээнд Цагдаагийн байгууллагын чиг үүрэгт хамаардаг. Тийм ч учраас Цагдаагийн байгууллагаас түүний хүсэлт, сошиал орчинд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тархаад байгаа нөхцөл байдлыг үндэслэн хамгаалалтанд авсан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болов уу. Гэтэл өчигдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өглөө, сошиал орчинд зарим нэг хүмүүс олон нийтэд зориуд ташаа мэдээлэл хүргэж, улмаар бусдыг турхирах өнгө аястай мэдээлэл хийсэн нь олон нийтийн анхааралд өртөж, гудамж талбайд эмх замбараагүй байдал үүсэж болох нөхцөл байдлыг бий болгосон байдаг, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллага хүчлэн хамгаалалт авсан юм билээ.

-Г.Доржзодов гэж хүнийг МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөгний ярианы бичлэг хийсэн асуудлаар Тагнуулын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл үндэслэлтэй юу?

-Энэ бол огт үндэслэлгүй ташаа мэдээлэл. МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөгний ярианы бичлэг гэх асуудал бол 2016 оны 6 дугаар сард буюу Их хурлын сонгуулийн өмнө олон нийтэд тараагдаж байсан асуудал. Мөн тухайн үедээ хуулийн байгууллагаар шалгагдаж шийдвэрлэгдсэн байгаа. Харин 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдээс прокурорын байгууллагад “..60 тэрбум төгрөгний ярианы 90 минутын бичлэг..” гэх баримт материалыг шалгуулахаар хүсэлт ирүүлсний дагуу гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан, холбогдох шалгалтыг явуулж байгаа. Харин 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа асуудал бол 60 тэрбум төгрөгийн асуудалтай холбогдолгүй. Г.Доржзодовын Гүйцэтгэх ажлын тухайн хууль тогтоомж зөрчиж бусдыг тагнаж чагнасан асуудал байгаа, хэн ч гэсэн өөрийн дур зоргоор хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж бусдыг тагнаж чагнаж болохгүй. Нөгөөтэйгүүр Г.Доржзодовын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ярьсан зүйлүүд ч их ноцтой, гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг ярьж хэлж байна лээ. Бид энэ асуудлуудыг ч шалгуулна. Ер нь энэ хүний ярьж хэлээд байгаа зүйлүүд их сонин, анхаарал татаж байгаа тухайлбал: Өөрөө “..намайг занал хийлж байна хамгаалалтанд аваач..” гэнэ, хамгаалалтанд авахаар “..барьж хорих гэж байна..” гэнэ. Энэ асуудлыг тодруулж, шалгуулах үүрэг өгсөн. Үүний цаана согуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудал харагдаад байгаа.   Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд ямар нэг ажиллагаа явуулахаар хардаж сэрддэг, буруу талаас нь тайлбарладаг, хэн нэгний буруу ташаа, мэдээлэлд автдаг асуудал их байна. Энэ нь бидний ажилд ихээхэн хүндрэл үүсгэдэг. Хууль хяналтын байгууллагууд өдөр шөнөгүй, ард иргэдийн амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж л байгаа. Ялангуяа прокурорын байгууллага улс төрөөс ангид, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгуулага шүү дээ. Магадгүй цагдаагийн байгууллага Г.Доржзодовыг хамгаалалтанд аваагүйгээс амь биед нь аюултай нөхцөл байдал үүсэх байсаныг үгүйсгэхгүй, хэрэв тийм зүйл болсон бол хууль хяналтын байгууллага ажлаа хийсэнгүй л гэх байх.

 

-Нийгэмд, сошиал орчинд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

-За баярлалаа.

 

Эх сурвалж: prokuror.mn

 

Санал болгох мэдээ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. …