Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр 20 мянган иргэнийг нээлттэй ажлын байранд бүртгэхээс гадна аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэг дор хүргэж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ч сурталчилж байгаа юм. Тухайлбал, улс даяар явагдаж буй “Уран үйлчин 2017” улсын анхдугаар уралдаанд шалгарсан шилдэг уран үйлчдийн гар урлалын бүтээлүүдийг “Эксклюзив” компани дэлгэн тавьсан байна. “Уран үйлчин 2017” уралдааны гол зорилго нь улсын хэмжээнд хичнээн үйлдвэрлэгч байна вэ гэдгийг тогтоох мэргэжлийн судалгаа гаргаж, монгол уран үйлчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Тэдний бодит судалгаанд үндэслэн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц чанартай, үнэ боломжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон төрөлжсөн үйлдвэрлэл бий болгох зорилгыг нийслэлийн удирдлагууд, хотын захиргаа дэмжиж байна. Хотын дэмжлэгтэйгээр оёдлын төрөлжсөн үйлдвэрүүд эхнээсээ нээгджээ. Өнөөдрийн байдлаар 4-5 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Хотын зүгээс нэг талаар үндэсний үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, нөгөө талаар иргэдээ дотооддоо үйлдвэрлэсэн, чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах боломжийг олгохоор ийнхүү үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа юм.
“Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Үйлдвэрлэл хөгжиж байж, улс орон хөгжинө. Бид оёдолчдыг хамруулсан, төрөлжсөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Үүнд хотын захиргаа санаа тавьж, дэмжин, хамтарч ажиллаж байгаад таатай байна. Үндэсний үйлдвэрлэгчид, оёдолчид энд тэндэхийн орц хонгилд ганц нэгээрээ ажиллаж ирсэн. Одоо нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад орж, импортын бүтээгдэхүүнтэй чанар, үнийн хувьд өрсөлдөхүйц үйлдвэрлэлийг бий болгох цаг болсон. Эхнээсээ хотын захиргааны дэмжлэгтэйгээр 4-5 төрөлжсөн үйлдвэр байгуулагдаад, үйл ажиллагаа явуулж эхлээд байна” хэмээн ярилаа.
Боломжийн үнэтэй, чанартай сурагчийн дүрэмт хувцас худалдаанд гаргана
Үндэсний үйлдвэрлэгчид зөвхөн үндэсний хувцсаар зогсохгүй, өдөр тутмын хэрэглээнд юу хэрэгтэй, тэр бүгдийг үйлдвэрлэх боломжтой. Оёдолчид нэгдэж, томоохон төрөлжсөн үйлдвэрлэл бий болгосноор хамгийн эхний бодит үр өгөөж ирэх есдүгээр сард гарна гэж тооцоолжээ. Учир нь үндэсний үйлдвэрлэгчид хичээлийн шинэ жилийн өмнө сурагчийн дүрэмт хувцсыг бодит үнэд хүргэхийг хэлж байна. Хичээлийн шинэ жилээс өмнө чанартай, боломжийн үнэтэй дүрэмт хувцас худалдаанд гаргана хэмээн үйлдвэрлэгчид ярьж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.