Дарханы зам 4 эгнээтэй болно

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил өчигдөр  эхэлж байна. Тус замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж ирэх 2018 онд хүлээлгэн өгнө.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Э.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Дархан-Уул аймгийн удирдлагууд, хамтран хэрэгжүүлэгч БНХАУ-ын талын төлөөллүүд тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар авто замын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй. Тус яамнаас 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий Азийн авто замын сүлжээнд холбогдсон Замын-Үүд Алтанбулаг чиглэлийн замын нэг хэсэг болсон Улаанбаатар- Дархан чиглэлийн 204,6 км замыг цементбетон хатуу хучилттай 1-р зэрэглэлийнх болгох бас нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцлон хэлээд их ажлын анхны шороог хөндсөн юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан бөгөөд 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна. Энэ чиглэлийн зам нь Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг. Тус замаар хоногт 3800 автомашин зорчдог байна. Стандартаар бол 600 орчим автомашин зорчих ёстой аж.

Энэ удаагийн шинэчлэлтээр хоёр эгнээ бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн замыг нэгдүгээр зэрэглэлийн дөрвөн эгнээтэй болгон шинэчилж, 12 төмөр бетон гүүр, 2 туннел, түр зогсоолын талбай, гадаргуугын ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгох гэнэ. Мөн хар цэг буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, 60-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.

 

 

 


Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …