Өнөөгийн амьдралын тав тухыг бид өөрсдөө бүтээсэн боловч бидний бие махбод бүхэл өдөржингөө компьютер юм уу жолооны ард эсвэл орон дээрээ бөгтийн сууж өнгөрөөхөд зориулагдаагүй бүтэцтэй байдаг тул бидний шинээр бүтээсэн , дуусашгүй хэрэглээнүүд нурууны өвчлөлийг бий болгох эх үүсвэр нь болдог. Иймээс нурууны өвдөлт нь орчин цагийн үед хамгийн түгээмэл тохиолддог өвчний нэг болж байна.
Нурууны доод хэсгээр өвдөх нь биеийн илүүдэл жингээс, дунд хэсгийн өвдөлт нь нурууны цэх байдал алдагдсанаас харин хүзүү хэсгээр өвдөх нь ажлын ширээнд хөдөлгөөнгүй сууснаас шалтгаалсан байдаг.
Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг нь булчингийн хатингаршил үүсгэн, булчингийн уян сунамтгай чанарыг алдагдуулдаг. Хөдөлгөөн бага хийдэг хүн огцом хөдөлгөөн хийхэд булчин нь гэмтэх тохиолдол элбэг байдаг ба гэмтсэн булчин нь өвдөлтөндөө агшиж нуруу татах эмгэг үүсдэг байна.
Нурууны дээд хэсэг өвдөхөд авах арга хэмжээ
Ширээний ард удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүс тогтмол ойр ойрхон мөрний дасгал хийж хүзүүний булчингийн цусан хангамжийг идэвхжүүлж байх хэрэгтэй. Халуун уур, массаж болон цусан хангамж идэвхжүүлдэг бүх төрлийн уламжлалт арга үр дүнтэй.
Нурууны дунд хэсэг өвдөхөд авах арга хэмжээ
Биеэ цэх байлгадаг зуршилтай болох хэрэгтэй. Толгойны байрлалыг толгойн оройноос уяагаар татаж байгаа мэт цэх байлгаж сурах хэрэгтэй. Гараа нурууныхаа ард барин хоёр мөрөө зөөлнөөр арагш нийлүүлэх гэж оролдох дасгал мөн үр дүнтэй. Энэ байрлалаа 5 секунд хадгалаад дараа нь суллаарай.
Нурууны доод хэсэг өвдөхөд авах арга хэмжээ
Эхлээд нуруугаараа хэвтэн, хөлөө нугалж цээжрүүгээ сайн шахаж өгнө. Энэ байрлалаа 5 секунд бариад суллана. Энэхүү дасгалыг боломжоороо олон удаа хийх тусам таны нурууны тэнхлэгийн гажилт цэх болж нугаламд үзүүлэх даралт багасна.
Нурууны өвчний эрсдэлт хүчин зүйлүүд
Хүнд жинтэй цүнх :Хүн өөрийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй ачааг л үүрч явах ёстой. Цүнхэндээ зөвхөн шаардлагатай зүйлийг авч яв. Боломжтой бол 2 мөрөндөө ээлжлэн үүрдэг богино оосортой цүнх хэрэглэж болох ба гадаад үзэмж хамаарахгүй бол үүргэвч ашигладаг болоорой.
Хавтгай ултай гутал, пүүз:Үргэлж өсгийгүй гутал өмсөхөд хөлийн өсгий тулгуургүй болж нуруунд муугаар нөлөөлдөг.
Тамхи таталт :Тамхи татсанаас нугаламын жийргэвчийн чийгшил багасч хуурайших, нурууны үеүүдэд цусан хангамж саатах, гэмтлийн эдгэрэлт хэт удаан болдог тул тамхи татдаг хүмүүс нурууны архаг өвдөлт 2 дахин их байдаг.
undesten.mn