ҮХААЯ-наас ургац хураалтын талаар мэдээллэж буйгаар энэ сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд 1180 га талбайгаас 1549 тонн буудай, 1088 га-аас 14.640 тонн төмс, 877 га-аас 12.370 тонн хүнсний ногоо, 562 га талбайгаас 1.205 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна. Энэ нь нийт үр тарианы хураалт 0.4 хувь, төмсний хураалт 7.1 хувь, хүнсний ногооны хураалт 11.5 хувьтай тэнцэх ажээ.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Төв аймгийн Эрдэнэсант, Дархан-Уул аймгийн Хонгор сумдад мөн ургац хураалтын ажил есдүгээр сарын 1-нээс эхэлсэн байна. Гэвч Төв аймаг дахь тариалагийн бүс нутаг болох Цээл, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам сумдад ургац хураалтын ажил дизель түлшний хомсдолтой холбоотойгоор саатаж болзошгүй байгаа гэнэ.
мөн ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хангах ажил орон даяар эхэлсэнтэй холбоотойгоор Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл ирүүлсэн байна. Уг мэдээллээр энэ сарын 5-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 7, 8-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас хаях магадлалтай байна.
Г.Сонор ugluu.mn