
Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж зохих шийдвэр гарсныг мэдээлж байна. Хоёр дахь санал хураалттай холбоотой хүсэлт шаардлагыг нам, холбоодоос ирүүлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Монголын ардчилсан холбоо, Ардчилсан нам, Ардчилсан залуучуудын холбооноос хоёр дахь санал хураалттай холбогдуулан шаардлага хүргүүлсэн. Хүсэлт шаардлага ирүүлсэн нам холбоодод хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна. Уг санал хураалт хуулийн хугацаатай. Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол гарсан. Саналын хуудасны хэвлэлт, хоёр дахь санал хураалтад бэлтгэх, санал авах техник хэрэгсэл хүргэх боломжийг бид харсан. Саналын хуудас хэвлэж байгаа компанитай уулзаж, санал хураалт авах хугацааг наашлуулах боломжийг судалсан.
Тээврийн хэрэгслийн боломжийг бид бас судаллаа. Өмнө нь машинаар хүргэдэг байсан газруудад нисдэг тэргээр хүргэх ямар боломж байгааг харсан. Саналын хуудас, техник хэрэгслийг хурдан хугацаанд аймгуудад хэрхэн хурдан хугацаанд хүргүүлэх талаар судалж хоёр дахь санал хураалтыг 7-р сарын 7-ны өдөр явуулахаар тогтлоо.
Өнөө өглөөнөөс эхэлж саналын хуудас хэвлэх ажлын хэсгийг СЕХ–ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хариуцна ажиллаж байгаа.
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг ирэх сарын 4-ний өдөр явуулах байсан ч ирэх сарын 4,5 ны өдөр явуулахаар болов. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны сонгуулийн хороод, засаг дарга нарт шийдвэр гаргасан.
СЕХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, нам саад болохыг хориглодог. СЕХ бол бие даасан хараат байгууллага гэв.
СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан:
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Иргэний шилжилт, сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэж хоёр бий. Сонгогчийн шилжилт хөдөлгөөн нь бааз өөрчлөгдөхгүй.
Улс орон даяар мөрдөгдөх шийдвэрийг өчигдөр гарган 27-ний өдрөөс эхлэн 7-р сарын 9-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа.
Сонгогчийн ирцтэй холбоотой өөр өөр ойлголт байгаад байна. Ирц 50-иас дээш нэмэх нэг сонгогч, санал 50-иас дээш нэг санал байна.
Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна.
Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм.
Г.Нараа

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл