Манай улсад анх удаагаа Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Монголын Холбоо нь ЭМЯ, УНТЭ, Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, БНСУ, Япон улсын Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, Raphael Олон улсын байгууллага, Vitallink зэрэг байгууллагуудтай хамтран Эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон улсын хоёрдугаар хурлыг 2017 оны 7 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Blue Sky зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хурлыг “Эрхтэн шилжүүлэн суулгахад хүний нөөцийг чадавхижуулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулах аж.
Олон улсын хуралд 10-аад орны 20 гаруй эрдэмтэд оролцож, эрхтэний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрхзүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэх юм байна. Тус хурлын гол зорилго нь бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалтын үндсэн суурь ухагдахуунаас инноваци, технологийн дэвшлийн өргөн хүрээний мэдлэгийг эмч судлаачдад олгоход орших юм.
Энэхүү олон улсын хурал нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг хамарч, нээлттэй явагдах бөгөөд хурлын үеэр эмнэлэгийн шинэ тоног төхөөрөмж, эм, эмнэлэгийн хэрэгслийн үзэсгэлэн, танилцуулгууд гарах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://icot.org.mn/ цахим хаягаас авах боломжтой.
Эх сурвалж:ЭМЯ