Айргийг ам дамжуулан уух хэрэггүй

 Гэдэсний халдварт өвчнийг хүний нүдэнд үл үзэгдэгч бичил биетэн болох олон төрлийн вирүс, нян, эгэл биетүүд үүсгэдэг аж. Энэ өвчний халдварыг үүсгэгч нь хоол боловсруулах замаар хүний биед орж улмаар өтгөн, шингэнээр гадаад орчинд ялгаран гарч бохир гap, хоол хүнс, ялаа, шавьж, бохирдсон ус, хөрс, эд юмсаар дамжин эрүүл хүнд халдварлаж өвчин үүсгэдэг байна.
Гэдэсний халдварт өвчин буюу бохир гарын өвчинд цагаан хорхойтох, халдварт шар, цусан суулга, балнад, иж балнад зэрэг өвчин ордог.
ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЭНГИЙН АРГУУД
Хүн бүр хувийн ариун цэврийг чанд сахин гараа зөв угаах, хумсны ариун цэвэр сахих хэрэгтэй. Гарын эрүүл ахуй нь гараа утаах, гарыг халдваргүйжүүлэх, арьсыг арчлах юм. Гараа өдөр бүр хоол унд бэлтгэхийн өмнө, хоол унд идэж уухын өмнө, хүүхэд багачуудын өтгөн шингэнийг цэвэрлэсний дараа, бие зассаны дараа, ажил, хичээл, цэцэрлэгээс ирэнгүүт хувцсаа сольсны дараа, гар бохирдсон тухай бүрт гараа угааж хэвших хэрэгтэй. Учир нь гарын хөлс нь нян амьдрах хамгийн таатай нөхцөл болдог. Нянгууд хурууны салаа, хумсны завсар хамгийн их байдаг. Хүний гap, хумсны завсарт байдаг нянг устгахын тулд гар угаах зургаан дарааллыг баримтлан хамгийн багаар бодоход хоёр минутын турш савандаж угаагаад дараа нь халдваргүйтгэлийн уусмал хэрэглэнэ.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗӨВ ХАДГАЛАХ
Хурдан муудах хиам, өндөг, бялуу, сүү, тараг, цөцгий болон бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг баталгаатай газраас хугацааг нь харж худалдан авч, зөв хадгалах хэрэгтэй.
Ундаа, жүүс, айраг зэрэг шингэн бүтээгдэхүүнийг ам дамжуулан уухыг хориглоно. Учир нь хүн бүрийн аман дахь бичил нянгууд шингэнтэй холилдон таны биед нэвтэр ч элдэв өвчин халдаадаг.
Гэр орон, хувийн ариун цэврийг сахих, аяга тавгаа зөв угааж, угаасны дараа хатаагч дээр тавьж хатаана. Энгийн бие засах газар, бохир усны нүхийг ариун цэврийн шаардлага хангасан хэмжээнд барьж байгуулан зөв ашиглаж, халдваргүйтэл тогтмол хийгээрэй. Ялаа, ахуйн шавьж, хулгана зэргийг заавар зөвлөмжийн дагуу энгийн аргаар буюу мэргэжлийн байгууллагын туслалцаатай бүрэн устгах хэрэгтэй. Хэрэв та гараа зөв угаах дадлыг эзэмшиж, ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …