S

Монгол гэнэт ХУЖААГҮЙ болсон нь

Улс төрийн сонгууль дуусчихсан юм чинь би жаахан улстөржиж болно биз дээ? Ганцхан сарын өмнө би бараг баруун хөлийнхөө эрхий хурууг хүртэл муу ХУЖАА хуруу хэмээн хардмаар санагдаж байлаа. Жорлонд ганцаараа дуулсан дууг маань нойлын цаасан дотор суулгасан нууц камер бичээд ч байгаа юм шиг.

Энэ өдрүүдэд асуудал их байсан, их байсан. Нэг залуу гишүүн ХҮЧИНДЭГЧ болж бусад нь алаад өгье чамайг хэмээн чичилж байв. Гэвч насаар чинь шоронд хатаана хэмээн сүржигнэж байсан хүмүүс СОНГУУЛЬ хэмээх нэгхэн сарын настай байлаа. Оффшор гэдэг сэдэв наадмын хуушуурны үнэрэнд дарагдав. Нөгөө их мөнгө идэж уусан нь одоо бол тийм ч чухал биш болжээ. Яагаад гэвэл сонгууль дууссан учраас. Улаан цайм баримттай гэмт хэргүүд ар араасаа илэрч байлаа. Тэд бүгд цагаадав. Яагаад гэвэл сонгууль дууссан учраас. Нөгөө айхтар “Энэ бол улс төртэй ямар ч хамаагүй шүү” гэж эхлэдэг Live-ууд гэнэт зогсов. Улс төртэй ямар ч хамаагүй юм чинь ядаж тал нь үлдээд нус нулимсаа тоолж л баймаар юм. Үгүй ээ БҮГД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ байсан. Нэг ч нулимс урсаагүй. Дусал бүрийнхээ тоогоор төлбөр авсан нулимс.

Монголчууд гэнэт хужааг үзэн ядахаа больчихлоо. Уул нь саяын энэ түймрийг өмхий муу хужаа л тавьсан байж таарна биз дээ? Наадмын нээлтийн үзүүлбэрээс дор хаяж 5 ширхэг хужаа үзэгдэл илрүүлэх ёстой байсан бус уу? Яагаад илэрсэнгүй вэ? Яагаад гэвэл сонгууль дууссан учраас. Ажлаа хийчихсэн хөлсний турхирагчид амраад яваад өгсөн учраас.

За морин уралдаан унаач хүүхдийн сэдэв. Сонгууль хэрвээ наадмын дараа болсон бол Монголд хүүхдэд хайртай ямар олон дарга нар, одонтой ээжүүд гэнэт төрж учиргүй жагсаж ХҮҮХДИЙН ЭРХ хэмээн хашхирах байсан бол? Хүүхэд унаад л бэртээд л баримтат зургууд батлаад л байлаа. Хэн ч юу ч ярьсангүй. Шал худлаа л байхгүй юу. Монгол морь гэж омогшихоос Монгол хүүхэд гэж санаа нь зовнисон хүн алга байлаа.

Монголд уул нь ямар ч сенсааци байглаараа бол дээд тал нь 7-10 хонодог хуультай юм л даа. Тийм л санах ойтой гэсэн үг. Зөвхөн сонгуулийн үеэр л үүнийг зохион байгуулалттайгаар сунгадаг. Хужаа хужаа гэх тусам хужаа нарт сайн. Учир нь энэ сэдвийг албаар дөжрүүлж үнэ цэнэгүй болтол нь балбаж хэзээ нэгэн цагт ЖИНХЭНЭ ХУЖАА НАР аюул тарих цагт хэн нь ч итгэхгүй цаашаа хараад унтаад өгөх дархлааны хомсдолд орж яваа.

Уйл уйл эх орончид минь, нулимс бүрт чинь хүн мөнгө төлж л байвал хужаагийн төлөө ч хамаагүй уйлаад л бай, уяраад л бай.

Ч.Ганжавхлан

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …