Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлүүд гарсан.Тухайлбал, Өнгөрөгч зургаадугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Тоёота-4 runer маркын 0308…” улсын дугаартай автомашинтай иргэд 1 тэрбум 89 сая төгрөгийн бэлэн мөнгө тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгасан.Мөн 2017 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Sonata-6 маркын 8893…” улсын дугаартай автомашинтай залуус 91 сая төгрөгийн бэлэн мөнгийг тээвэрлэж явсныг илрүүлсэн билээ.
Энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл дээрх хэргүүдийг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Тоёота-4 runer маркын 0308…” улсын дугаартай автомашинтай иргэд 1 тэрбум 89 сая төгрөгийн бэлэн мөнгө тээвэрлэж явсан хэрэгт холбогдуулан найман хүнийг шалгасан. Уг найман хүн энэ сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд оролцоогүй харин итгэмжилсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцсон. Говь-Алтай аймгийн сум дундын шүүхээс энэ хэргийг хянан хэлэлцээд Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-д заасныг зөрчөөгүй гэж үзсэн байна. Үүнийг шүүх хуралдаанд оролцогчид эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм.Харин Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Sonata-6 маркын 8893…” улсын дугаартай автомашинтай залуус 91 сая төгрөгийн бэлэн мөнгийг тээвэрлэж явсан хэрэгт холбогдуулан хоёр хүнийг шалгасан. Тэднийг Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-ийг зөрчсөн эсэхийг Дорноговь аймгийн сум дундын шүүхээр энэ сарын 24-ны өдөр хэлэлцлээ. Улмаар сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн байна.