Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусгахаар тусгасны дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлжээ.
Тус замын ажлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болон орон нутгийн удирдлагууд, нутгийн ард иргэд энэ сарын 26-ны өдөр албан ёсоор нээлээ. Энэхүү автозам долоон метрийн өргөнтэй, таван см зузаан асфальтбетон хучилттай, хоёр талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3-р зэрэглэлийн авто зам болох юм.
Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж байгаа энэхүү автозам ашиглалтанд орсноор Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхээс гадна гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой.
Зам , тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн арга хэмжээний үеэр “Азийн авто замын сүлжээний АН-32 буюу Мянганы замын хэвтээ чиглэлийн нэг хэсэг болох энэхүү авто замашиглалтад орсноор Завханчууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож,тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж цаашлаад орон нутагт үр өгөөжөө өгөх ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Энэхүү замын үргэлжлэл хэсэг болох Тарвагатайн нурууны хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааг дайран өнгөрөх Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг дээрх хөнгөлөлттэй зээлийн авто замын салбараас хэмнэгдсэн хөрөнгөөр барьж байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ. Тус зам ашиглалтад орсноор 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм.
Автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр дотоодын дөрвөн компани ажиллаж байгаа аж.