Зөрчлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж өнгөрсөн долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор “Зөрчлийн оноо нь дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж, эрхийг нь сэргээж байна” гэсэн цуу яриа цахим сүлжээгээр тархах болсон байна.
Энэхүү цуу яриа ор үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн зөрчил хүчингүй болоогүй юм байна. Учир нь Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна гэж ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.
Иймээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журамд “Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно” гэж заажээ.