Хүүхдийг эхийн сүүгээр хооллох Дэлхийн 7 хоног эхлэж байна. Хүүхдийг Эхийн Сүүгээр Хооллох Дэлхийн Холбоо, НҮБ-ийн Хүүхдийн Сан, ДЭМБ –с хүүхдийг эхийн сүүгээр хооллохын чухлыг эхчүүд, нийт иргэдэд сануулдаг энэ өдөр “Эрүүл амьдрах ухаан төв”-ийн тэргүүн, Анагаах ухааны доктор М.Оюунбилэгтэй ярилцлаа.
-Жил бүрийн 8 дугаар сарын 1-нээс 7-ны хооронд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” 7 хоногийг Дэлхий даяар тэмдэглэдэг. Манай оронд ч энэ уламжлал хэдийнээ тогтсон. Энэ жил ямар сэдвийн дор энэ ажлыг зохион байгуулж байна вэ?
-Тиймээ энэхүү 7 хоногийг 1992 оноос дэлхий дахинаа тэмдэглэх болсон үеэс л манай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхий дахины долоо хоног”-ийн цуврал арга хэмжээнүүдийг наймдугаар сарын 1-нээс 7-ны хооронд орон даяар амжилттай зохион байгуулж, тэмдэглэсээр ирсэн. Олон улсын нэр хүндтэй байгууллагууд уг өдрийг онцгойлон сонгон авсан нь ч учиртай. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг хөхүүлэн дэмжин хамгаалсан олон улсын Инносентийн тунхаглал 8-р сарын 1-ний өдөр батлагдсан юм.
-Энэ долоо хоногийн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байгаа нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаарх нийт хүмүүсийн ойлголтыг улам баяжуулах, эхийн сүүгээр хооллохыг амьдралын тал бүрийн асуудалтай холбон дэмжих, Инносентийн тунхаглалын зорилтуудыг дэлхий дахинд хэрэгжүүлэхэд туслах зорилготой.
– Эхчүүдийн, хүүхдээ хөхүүлэхийг хамтдаа дэмжицгээе” гэсэн сэдвийн дор болж буй 2017 оны ажиллагааны үндсэн зорилго нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохтой холбоотой бүх байгууллагуудын түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож цаашид улам бэхжүүлэхэд чиглэгдсэн.
-”Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн”/ЭСОБ/нэртэй угжны сүүг сурталчлах, худалдахыг таслан зогсоохын тулд ЭСОБ-г импортлогч аж ахуйн нэгжүүдийг “Сайн дурын үүрэг амлалт”-д нэгдэх боломжийг нь хангах, иргэдийн дунд эхийн сүүгээр хооллох, ЭСОБ-р хүүхдээ хооллохгүй байх эерэг хандлага, зөв мэдлэг олгох ач холбогдолтой.
-Энэ жилийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх ажил УИХ-аас саяхан баталсан “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль” 7-р сарын нэгнээс мөрдөгдөж эхлэж байгаа хугацаатай давхцаж буйгаараа онцлог арга хэмжээ болж байна.
-Сүүлийн үед хөхүүл эхчүүдийн тоо багасч энэ нь нялхсын өвчлөл, эндэгдэлд нөлөөлж байгаа талаар их яригдаж байна. Судлаач хүний хувьд та ямар дүгнэлттэй байна вэ? Үүнд нөлөөлж байгаа гол шалтгаан нь юу юм бол?
-Нялхсын өвчлөл эндэгдэл, эхийн сүүгээр хооллохтой урвуу хамааралтай байдаг гэдгийг гадаадын эрдэмтэдийн болон бидний судалгаа нотолсон. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн бодлого Манай улсад хэрэгжих эхлэл тавигдаж хүүхдээ хөхүүлж өсгөдөг Монгол уламжлал сэргэсэн 1992 оноос хойш 2000-аад он хүртэл энэ бодлогыг идэвхтэй хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд.
Манай улс азийн орнууд дотор энэ үзүүлэлтүүдээрээ тэргүүлж байлаа. Үүний үр дүнд төрсний дараа 30 минут дотор амлуулах хувь 1993 оноос 1999 онд 49.3%-с 93.4%, 4-6 сар хүртэл дан эхийн сүүгээр хооллодог хүүхдийн эзлэх хувь 48.3-с 94.2% болтлоо нэмэгдэж нялхсын эндэгдэл 1000 амьд төрсөн хүүхэд тутамд 59.81-с/1993/, 31.23/2000/хүртлээ эрчимтэй буурсан байдаг.
Харамсалтай нь манайхан энэ амжилтаа хадгалж чадсангүй. Сүүлийн үеийн судалгаагаар хүүхэд төрсний дараа 1 цаг дотор /тэр үед 30 минут дотор гэсэн үзүүлэлт гаргадаг байсан/амлуулалт 71.1%, 6 сар хүртэл /тэр үед 4-6 сар хүртэл гэсэн үзүүлэлт гаргадаг байсан/ дан эхийн сүүгээр хооллох нь 47.1% болж буурснаар нялхсын нас баралтын бууралтын эрч саарсан нь ажиглагдаж байна.
Өөр нэг сөрөг үзүүлэлт бас ажиглагдаж байгааг ч хэлэх хэрэгтэй. Өмнөх жилүүдэд эхийн сүүгээр хооллохыг амжилттай хэрэгжүүлсэн хот, аймаг, сумдын эмнэлэгт өгч байсан “Хүүхдэд ээлтэй эмнэлэг”-ийн шагналын гэрчилгээ авсан эмнэлэгийн тоо 1992 оноос 2001 он хүртэлх 9 жилийн хугацаанд 140 хүрч байсан бол 2001-с 2007 оны хооронд ердөө 52 эмнэлэг болж цөөрөөд 2007 оноос хойш шалгуулах хүсэлтэй газрууд байсан ч нэг ч эмнэлэгийг шалгаруулаагүй. Энэ ажил үндсэндээ зогссон. Тусгайлсан мэргэжилтэн бэлтгэх, эмч нарын сургалт зохион байгуулах, үнэлгээ, хяналт шалгалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх гээд бодлогоор хэрэгжүүлж байсан олон талын ажил ч бараг байхгүй болсон гэхэд болно.
Нялхсын нас баралтыг бууруулъя, хүүхдүүдээ эсэн мэнд, эрүүл саруул өсгөе гэж бодвол төрөх газрууд хүүхэд төрөнгүүт 1 цагийн дотор ангир уураг амлуулахыг төрсөн хүүхдийн 95 хүртэл хувьд хүртэл нэмэгдүүлэх. Нялхасыг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох хувийг 90-ээд хувьд, 2 нас хүртэл нь нэмэгдэл хоолны зэрэгцээ хөхүүлэх хүүхдийн тоог 80-аад хувьд, 1992-2000 оны хооронд хүрч байсан үзүүлэлтүүдэд хүргэх зорилт тавин ажиллах шаардлагатай. Энэ үр дүнд хүрэхийн тулд Инносентийн тунхаглалыг бодит ажил хэрэг болгож, НҮБ-ын Хүүхдийн Сан /НҮБ-ын ХС/, ДЭМБ-аас дэвшүүлсэн хүүхдийг эхийн сүүгээр хооллох 10 зорилтыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд Засгийн газрын анхаарал, оролцоо нэн чухал.
-Хүүхдийг эхийн сүүгээр хооллох эхчүүдийн хувийн жинг 1990-2000 оны хэмжээнд хүргэж болох гарц нь Инносентийн тунхаглалыг бодит ажил хэрэг болгох явдал гэдгийг та хэллээ. Инносентийн тунхаглалд орсон гол санаанууд юу байдаг бол?
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох тухай Инносентийн тунхаглалыг 1990 онд Италийн Флоренс хотод “Эхийн сүүгээр хооллох дэлхий нийтийн санаачлага” зөвлөгөөнөөр хэлэлцэн баталсан. Уг зөвлөгөөнөөс хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь эх нялхасын эрүүл мэндэд онцгой ач холбогдолтойг дурьдаад угжаар хооллохын эсрэг хууль эрх зүйн баримт гаргах, эхийн сүүгээр хооллоход тохиолдож байгаа бэрхшээлийг даван туулах, эмэгтэйчүүдийг зохистой хоол тэжээлээр хангах, эрүүлийг хамгаалах байгууллага эхийн сүүгээр хооллох бодлогыг бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахын салшгүй хэсэг болгон хэрэгжүүлэх, эрүүл мэндийн нийт ажилтныг. хүүхдийг эхийн сүүгээр хооллох асуудлыг зохицуулахад шаардлагатай нарийн мэргэшилд сургахын ач холбогдолыг тунхагласан. Мөн үүний зэрэгцээгээр эхийн сүүгээр хооллох үндэсний бодлого боловсруулж хэрэгжүүлэх, үндэсний зохицуулагчийг томилж, төрийн ба төрийн бус байгууллагууд, үйлдвэрлэгч, импортлогчид зэрэг олон салбарыг хамарсан байгууллага байгуулах. “Нялхас эхийн сүүгээр хооллохыг хөхүүлэн дэмжих, хамгаалах” талаар ДЭМБ, НҮБ-ын ХС хамтран боловсруулсан 10 зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд нэгж байгууллага бүр анхаарч ажиллах. Ажил эрхэлж буй эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлэх хуулийн үндэслэл боловсруулж мөрдөн хэрэгжүүлэх зөвлөмжийг улс орны Засгийн газруудад өгсөн байдаг.
-НҮБ-ын ХС, ДЭМБ-аас дэвшүүлсэн хүүхдийг эхийн сүүгээр хооллох 10 зорилтын тухайд ?
НҮБ-ын ХС, ДЭМБ-аас эхчүүдийг хүүхдээ хөхүүлэхэд нь дэмжин тусалж 10 зорилт хэрэгжүүлсэн эмнэлгийг хүүхдэд ээлтэй эмнэлэг болгон шалгаруулах санаачлага гаргасан. Үүнд:
1. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг хэрэгжүүлэх эмнэлгийн байгууллага нь 10 зорилтын дагуу өөрийн онцлогт тохирсон бодлоготой байна.
2. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд эмнэлгийн ажилтнуудыг сургалтанд хамруулсан байх.
3. Жирэмсэн эх бүрийг хүүхдээ хөхүүлэхэд нь бэлдүүлэх, эхийн сүүгээр тэжээхийн ач тусыг ойлгуулах.
4. Хүүхдийг төрсний дараа 1 цаг дотор ангир уургийг нь амлуулах.
5. Эхчүүдэд хүүхдээ хөхүүлэх, хөхөө саах аргыг сургасан байх.
6. 6 сар хүртэл нь хүүхдэд нэмэлт шингэн, ус, глюкоз, сүү, хоол өгөхгүй, зөвхөн дагнан эхийн сүүгээр хооллох.
7. Эх хүүхэд хоёр өдөр ч, шөнө ч ямагт хамт байх нөхцөл боломжоор хангаж өгөх.
8. Хүүхдээ хөхөх гэж хүссэн үед нь хөхүүлж байх.
9. Хүүхдэд угжны болон, саатуулах хөхөлдөг өгч болохгүй.
10. Хүүхдийг эхийн сүүгээр хооллоход туслах сайн дурын бүлгийг байгуулах.
Хүүхдэд ээлтэй эмнэлгүүд нь төрөхийн өмнө, төрөх явц, төрсний дараа үед эхчүүдэд онцгой анхаарал хандуулж энэхүү 10 зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
Монгол Улс, хүүхэд төрүүлсэн эхчүүдэд 3 жилийн хугацаанд хүүхдээ асрах боломж олгож тэтгэмж өгдөг болсон чухал заалт бүхий хуультай болсон энэ үед хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлогыг ЭМЯ дахин шинэ шатанд гарган хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
-Хүүхдээ хөхүүлэхээс цааргалаад гадаадын гоё гоё савтай сүүгээр хооллоод байгаа эхчүүд нэг гол зүйлийг ойлгох хэрэгтэй гэвэл тэр нь юу байж болох вэ?
-Юуны түрүүнд төрүүлсэн хүүхдээ хөхүүлж өсгөнө гэдэг нь эхийн ачлалын хамгийн гол зүйл гэдгийг орчин үеийн эхчүүд төдийлөн сайн ойлгохгүй байна. Эхийн ачийг хариулна гээд хүн бүр дуулдаг, ярьдаг, зохиолчид, яруу найрагчид бичдэг. 10 сар хэвлийдээ тээсний дараагийн ачлал нь хүүхдээ хөхүүлж өсгөх. Энэхүү ачлалын эцсийн үр дүн нь “асар их хайр”-ын мэдрэмж юм. Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэх тэр л агшинд өөр хэнд ч биш зөвхөн хөхүүл эхэд төрдөг их хайр хүүхдэд ээжийгээ хайрлах мэдрэмжийг үүсгэж тэр нь бусдыг хайрлах, бүр цаашилбал эх орон, дэлхийгээ хайрлах их хайр болон бүрэлдэн тогтдог. Тэгээд ч “Хүүхдээ хөхүүлэх нь ид шидийн үе” гэсэн мэргэн үг гарсан байдаг. Энэ ачлалаа эхчүүд маань бүү гээгээсэй.
-Эхчүүд маань эхийн сүүний давуу талыг мэдэхгүйгээсээ болоод нялх үрсээ угжны сүүгээр хооллоод байна уу?
-Тийм гэж хэлж болно. Нэг талаас эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага энэ талаар өөрсдөдөө ч, эхчүүдэд ч сургалт муу хийж байна, хэвлэл мэдээллээр ч сурталчилгаа муу хийгдэж байна. Нөгөө талаас энэ талаархи мэдээлэл олж авах эхчүүдийн санаачлага хангалтгүй байна. Хүүхэд төрүүлж өсгөх нь мэдлэг. Мэргэжил эзэмшихээс ч илүү хэцүү, үүний тулд их юм уншиж судлаж мэдэж авах шаардлагатай. Нөгөө л болчихдог, болгочихно гэсэн бүдүүлэг хандлага энд их нөлөөлж байх шиг санагддаг.
-Хүүхэд ойндоо хүрэхдээ төрсөн жингээсээ 3 дахин нэмэгдэн өсдөг. Хүн амьдралын ямар ч хугацаанд ингэтлээ хурдан өсч том болдоггүй. Энэ өсөлтийг хангахын тулд хүний амьдралын ямар ч үед шаардагддаггүй их хэмжээний уураг хэрэгтэй. Хоол боловсруулах чадвар хамгийн дорой энэ үед нь зөвхөн эхийн сүүний уураг л дээд зэргээр шингэж, уургийн өндөр хэрэгцээг хангана. Эхийн сүү өөрийнхөө тосыг боловсруулдаг /үнээний сүүнээс 15 дахин их/, өөрийнхөө нүүрс усыг боловсруулдаг даавруудтай тул тос, нүүрс ус нь амархан шингэдгээрээ үнээний сүүнээс ялгаатай. Хоол боловсруулах шүүсэнд бүх даавар байх боловч идэвх, хэмжээгээрээ зөвхөн эхийн сүүг л боловсруулах чадвартай. Нялх хүүхдийн хоол боловсруулах эрхтний шингээх чадварт байгалиас заяасан хоол нь зөвхөн л эхийн сүү байдаг.
“Хүүхдээ аль болох удаан хөхүүлэх нь тэднийг улам ухаантай болгодог нь баттай болсоор байна” хэмээн Макгиллийн ИС-ын проф. М. Крамер батлан хэлж байна. Эхийн сүүнд байдаг ханаагүй тос омега-3 бүл тосны хүчлийн 1 болох докозагексаены хүчил хүүхдийн тархи, нүдний торлогийн хөгжлийг хурдасгаж IQ-г нь өндөр болгож оюун ухааныг сайжруулдаг. Хүүхдээ хараа сайтай, ухаантай хүн болгохыг хүсдэг эх хүн бүр хүүхдээ сүүгээрээ өсгөхийн чухлыг эндээс мэдэж болно.
-Эхийн сүү хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд чухал ач холбогдолтой амьдралын орлуулшгүй амин хүчлүүдийг агуулдаг бол үнээний сүүнд ийм амин хүчлүүд байдаггүйгээр барахгүй нялхсын мэдрэлийн тогтолцоог гэмтээх амин хүчилтэй. Хүүхдийнхээ тархи мэдрэлийн тогтолцоог хэвийн хөгжүүлэх хүсэл эх бүхэнд байх нь ойлгомжтой.
-Эхийн сүү анхны урьдчилан сэргийлэх тарилга, халдвараас хамгаалах амьд шингэн болдог гэдгийг сүүлийн үед эхчүүд сайн мэдэх болсон ч чухам ямар өвчнөөс сэргийлдэг талаар тэр бүр мэддэггүй. Эхийн сүүнд хүүхдэд тохиолдох ихэнх өвчнөөс сэргийлэх, хамгаалах бодисууд, нян, ялангуяа вирусын эсрэг болон биеийн эсэргүүцлийг сайжруулах маш олон бодис байдагаас гадна хүүхэд төрөөд хамгийн их өвддөг хүйн халдвар, вирус, гэдэс, амьсгалын замын халдвар, чихний өвчин, бөөр шээсний замын үрэвсэл, хүүхдэд тохиолддог улаан бурхан буюу корь, салхин цэцэг, сахуу зэрэг олон халдварт өвчнүүдээс сэргийлэх боломжтой.
-Төрсөн нярай хүүхдийг ангир уургийг нь эрт амлуулснаар шарлалт багасна, хүй цөглөлт хурдасна. Үүгээрээ эхийн сүү төрсөн хүүхдэд байгалиас заяасан ганц хоол юм шүү гэдгийг дахин нотолно. Энэ бүх бодисын аль нь ч угжны ямар ч сүүнд байхгүй юм.
-Хөхүүл хүүхдийн амьдрах чадвар угжны хүүхдийнхээс 14 дахин илүү байдаг нь эхийн сүүний л ач тус. Эхийн сүү харшил үүсгэгч бодис агуулдаггүй бол үнээний сүү харшил үүсгэгч уурагтай. Хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллоход суулгалтаас болж эндэх тохиолдол 9-25 дахин, амьсгалын замын өвчнөөс болж эндэх тохиолдол 2.5 дахин бага байдаг. Аризоны (АНУ) эрдэмтэд 4 сар хөхөө хөхсөн хүүхэд дагнан эхийн сүүгээр хооллоогүй хүүхдүүдтэй харьцуулбал, чихний хурц үрэвслээр өвдөх нь 50%-иар цөөн, олон эрдэмтэн 6 сар хүртлээ хөхүүл байсан хүүхдүүд хүүхэд насандаа хорт хавдраар өвчлөх эрсдэлээс хамгаалагдана гэдгийг тогтоожээ. Хөхүүл хүүхдүүдэд гэдсээр хатгаж өвдөх шинж тэмдэг цөөн тохиолддог. Кроны өвчин, Чихрийн Шижин хэв шинж 1-ээр өвдөх эрсдэл цөөн. Хамгийн чухал нь хэт мариалж таргалахгүй.
Эхийн сүү үрсийн маань хэрэгцээгээр найрлагаа өөрчлөж байдаг амьд сүү. Хөхүүлэх үед эхлээд гардаг усархаг хөхөвтөр өнгөтэй сүүгээр хүүхэд цангаагаа гаргана. Нэлээд хөхүүлсний дараа гарах өтгөн цагаан өнгөтэй сүү нь тослог, илчлэг ихтэй хүүхдийг цатгах сүү. Аль аль нь уураг, тос, нүүрс ус, аминдэм, бичил бодис хангалттай тул хүүхдийн өсөлт хөгжилийг хангана. Эхийн сүү орчны халуунд шингэрч амны цангааг гаргана. Хүйтэнд илчлэг чанар нь нэмэгдэнэ. Дутуу төрсөн хүүхдийн эхийн сүү нь илчлэг, тослог, уураг ихтэй, өвчин эсэргүүцэх бодис, бичил бодисыг илүү агуулдаг учир дутуу хүүхдийн хэрэгцээг эхийнх нь сүү л хангана.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хамгийн сайн хөрөнгө оруулалт болж, улс орон, эрүүлийг хамгаалах байгууллага, гэр бүлийн төсвийг хэмнэх ач холбогдолтой гэдэгтэй маргах зүйлгүй. Угжны хүүхдэд хэрэгтэй шилэн ба нийлэг сав, баглаа боодол, хөхөлдөг байгалийг бохирдуулдаг бол эхийн сүү байгалийг бохирдуулахгүй, өөрөө бохирдолгүйн дээр түүнд ариун цэвэр, эрүүл ахуйн хяналт шалгалт хийх шаардлагагүй, Дандаа шинэхэн. Халуун хүйтэн нь тохирсон. Гашлахгүй, исэхгүй, муудахгүй гээд хүнсний аюулгүй байдалыг байгалиасаа хангадаг ганц хоол. 6 хүртэлх сартай бүх хүүхэд, 2 нас хүртэлх хүүхдэд өгөх бэлэн ийм их сүү хүнсний хангамжийн нэг чухал хэсэг болдог.
-Эхийн сүү ийм их ач тустай юм байна. Үүнийг уншсан хүмүүс түүний дотор эхчүүд их зүйл тунгааж ойлгож авах байх аа. Эхийн сүүний ач тусын зэрэгцээ хүүхдээ хөхүүлэх нь хүүхдэд ч, эхэд ч ач тустай гэдгийг манай эхчүүд бас л сайн мэдэхгүй болов уу.
-Эхийн сүү, хүүхдээ хөхүүлэх гэсэн хоёр тусдаа ойлголтыг нэг нэгнээс нь салгах аргагүй ч ач холбогдлыг нь тодотгох үүднээс тус тусад нь ярихаас аргагүй. Хүүхдээ хөхүүлсний ач тус хязгааргүй. Хөхүүл хүүхдийн ам, тагнай, эрүү, хацрын булчингийн хөгжил амархан сайжирдаг. Шүд зөв байрлалтай ургаж, хэл яриа нь зөв хөгжиж, хэлд хурдан орно. Хөхүүлэх үед хүүхэд эхийнхээ үнэрийг байнга мэдэрдгээс үнэрлэх, сүүг нь амталснаар амтлах, ээжийгээ байнга харж хөхдөгөөс харах, эхийнхээ хайр энхрийллийн үгийг байнга сонсож байдгаас сонсох, ээжийнхээ халуун бие, зүрхний цохилтыг мэдэрч хөхдөгөөс хүрэлцэх 5 мэдрэхүй илүүтэй хөгжсөнөөр илүү сэргэлэн болно. Мөн эх хүүхдээ биедээ нааж, ойр дотно харилцдаг нь тархины хөгжилд тустай болохыг ч Канадын эрдэмтэд хэлж байгаа юм. Эхчүүдийн, төрсөн хүүхдээ хөхүүлэхийг нийгмээрээ хөхүүлэн дэмжих ёстойг эрдэмтэд дахин дахин анхааруулж байна. Ээжийнхээ хамгаалалтад байгаагаа байнга мэдэрдэгээс амгалан тайван хүүхэд болно.
Хүүхдээ хөхүүлэхэд “хөхүүл эхийн” өнчин тархинд үүсдэг окситоцин даавар эхэд хүүхдээ хайрлан энхрийлэх, асран хамгаалах хязгааргүй хүнлэг энэрэнгүй зан төрхийг бий болгодог тул хүүхдээ илүү их анхаарч, халамжлан асрана. Хүүхдээ угжаар хооллож байгаа эхийн өнчин тархинд энэ даавар үүсэхгүй. Хөхүүл эх хүний энэ үрээ хайрлах хайр нь үрийнх нь эхээ хайрлах, хожим нь бусдыг хайрлах, хүнлэг энэрэнгүй хүн болох тэр их хайрын “ундрага” болдогийг дээр ярьсан. Ертөнцийн хүмүүсийн бие биенээ хайрлах хайр эх хүн хүүхдээ хөхүүлэх тэр л агшнаас эхэлдэг. “Дэлхийг зөөллөх, эхчүүдийн агуу их ухаан” юм шүү.
Хүүхдээ хөхүүлэх нь эхчүүдэд ч тустай. Төрөх үеийн цус алдалт, хүндрэл, эндэгдэл, хөх, умайн хорт хавдар, яс хугаралт, чихрийн шижин, хөхний өвчин зэрэгт өртөх эрсдэл эрс багасна. Эхчүүдийн хөхний толгой хагаралт, хөхний сүүний татралт эрс багасч умайн агшилтын хугацаа хурдасна.
Хөхүүлэх үед эх хүүхэд хоёр сэтгэл санааны холбоотой болж эхчүүд сэтгэл санааны хямралгүй амар, тайван явж чадна. Хурдан тэнхэрнэ. Гэр бүлийг бэхжүүлнэ. Дараагийн жирэмслэлтээс сэргийлнэ. Эдийн засгийн хувьд ч үр ашгаа өгнө.
Эхчүүд нялхсаа хөхүүлэн өсгөснөөр өөрийнхөө болон хүүхэд, гэр бүл, орчин тойрныхныхоо амьдралыг олон талаар өөрчилнө. Тухайбал:
1-рт төрсөн хүүхэд бүрээ өвчин зовлонд хэлмэгдүүлэхгүйгээр эсэн мэнд, эрүүл чийрэг, ухаантай хүн болгон өсгөж, эхчүүд, гэр бүл сэтгэл амар тайван, аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ.
2-рт гадаадаас хүүхдийн сүү, хоол оруулж ирэх, хүүхдийн сүү үйлдвэрлэх, өвдсөн нялхсыг эмчлэх зардал хэмнэгдэнэ.
3-рт жил тутам 70000-140000 нялх хүүхэдтэй айлын орлого нэмэгдэж ядууралгүй амьдрахад нь хувь нэмрээ оруулна.
4-рт эрүүл мэндийн салбарт, юуны түрүүнд эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах ажилд ихээхэн хэмнэлт гарна. Мөн байгалиа бохирдуулснаас үүсэх өвчин багасахад нөлөөлнө. Мэргэжлийн хяналтын ажлын ачаалал багасна.
5-рт Нярай, нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч олуулаа болоход хувь нэмэр оруулна. Саяхан бид 3 сая дахь иргэнээ ямар их баяр баясал дүүрэн угтан авлаа. Түүнээс хойш 2 жилийн хугацаанд 3 сая 120 мянгуулаа боллоо. Үүнээс ч илүү олуулаа болох боломжуудыг бид алдсаар байгаадаа дүгнэлт хийх ёстой.
-Сонирхолтой, ач холбогдолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Бодлого боловсруулагчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эхчүүд энэ талаар хаанаас, ямар эх сурвалжаас зөв мэдлэг, илүү тодорхой мэдээлэл олж авч амьдралдаа энэ бүхнийг хэрэгжүүлж болох вэ?
-Гэр бүлийн бүх гишүүдэд зориулан миний бичсэн “Зөв зохистой хооллож эрүүл амьдрах” гэсэн 4 цуврал номын 1-р буюу ногоон алимны зурагтай “0-2 насны хүүхдийн хооллолт”, Мөн “Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир “ гэсэн 2 номд бүх зүйл тодорхой бичигдсэн байгаа. Эдгээр номыг “Аз хур”, “Интерном” ,” Golden book” номын дэлгүүрүүдээс авах боломжтой. Баярлалаа.
Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв