Х.Баттулга:МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.

УИХ-аас хөгжлийн хөтөлбөр баталдаг ч Засгийн газар түүнийг хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, 2010 оны 6 дугаар сард Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталсан боловч Засгийн газар хэрэгжүүлээгүй. Иймд холбогдох Төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаанд оруулж, үйлдвэрлэгчид нэгдэж нийлж, хамтарч ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг шахах ёстой. Бодлого хэрэгждэггүй учраас ажил явдаггүй сөрөг талтай. Гэрээт ажилчдаас нийгмиийн даатгал төлдөггүй, энэ нь нэг талаас тухайн аж ахуйн нэгжийн чадамжтай холбоотой. Үүнээс болж нийгмийн даатгалын сан босч ирж чаддаггүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сануулав.

Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм.

Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт тааруу, ажлын байр хадгалах, цалин нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хүлээсэн үүргээ сүүлийн хоёр жил хэрэгжүүлэхгүй, гэрээний үр дүнг дүгнэдэггүй зэрэг дутагдал байгааг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дурдаж байлаа.

president.mn

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …