Монголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон мазаалай баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд “Мазаалай” зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болгож байна. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ нь 300,000 төгрөгөөр тогтоогджээ.
“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960- 1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ. Мазаалай говийн баавгайн иддэг ургамал, шавьжнууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах шалтгаануудын нэг болсон гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг төдийлөн иддэггүй байна.
Ийн дэлхийд ховордож буй “Мазаалай” баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд Монголбанк нийгмийн хариуцлагын хүрээнд “Мазаалай” говийн баавгай зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болгов.