…Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг хэдэн өдрийн туршид тагнаж, чангасан гэнэ… УИХ-ын гишүүн айл хоночихоод гарч явах замдаа гэрийн эзэн бүсгүйг хүчиндээд гараад явчихаж… С.Зориг агсныг хөнөөсөн хүмүүст ялын дээд хэмжээ оноолоо. Гэвч захиалагчийг нь хэн ч олж тогтоосонгүй… МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамба авлига авсан хэргээр таван жилийн ял сонсчихлоо. Гэвч санхүүжилт босгож ир гэдэг үүрэг даалгавар өгсөн хүн нь уснаас хуурай гарчихлаа… Үндэсний бөхийн хөлийн цэцүүд алдаатай шийдвэр гаргаж байна… Осоржамаа нар бусдын зөөлөн сэтгэлийг ашиглаж мөнгө угааж байна… гэх мэтчилэн олны анхаарал татсан, хариу тайлбар нэхсэн маш олон асуудлууд шил шилээ даран гарсаар байна.
Гэвч энэ бүгдийг бид мэдээгүй байхад мэдэж, аль хэдий нь өмгөөлөл хийчихсэн явж байдаг өмгөөлөгч Г.Батбаяр алга. Харсан уу, та минь. Сураг гаргаад өгөөч…
Өдөр бүр шахуу зурагтаар гарч, хүн болгонд ял тулгачих гээд байсан хүн гэнэт байхгүй болчихоор санаа зовох юм. Аягүй бол түүнд эдгээр асуудлууд хэтэрхий жул санагдсан учраас анхаарлаа хандуулахгүй байж магадгүй л юм.
Яруу найрагч Б.Галсансүх түүнийг гадны нэг компаниас 400 гаруй мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөг авсан гэж мэдээлж байсан. Өмгөөлөгч Г.Батбаяр өөрөө ч энэ мэдээллийг баталж, татварт 108 сая төгрөг тушаасан гэдгээ мэдэгдсэн билээ.
Үүнийхээ дараа өөрийгөө “тэрбумтан өмгөөлөгч” гэж их ч бичүүлсэн дээ. Магадгүй энэ нь өмгөөлөгч Г.Батбаярыг дээрх асуудлуудаас ангит “тэнгэр” зэрэглэлийн хүн болсон гэдгийг нь илтгээд байх шиг. Олны анхаарал татсан асуудлуудад тэр бүр оролцоод байхгүй. Ер нь олноос дайжиж, онцгойрох дургүй нэгэн болчихож.
Үүний өнөөх асар их орлоготой нь л холбож ойлгохоос аргагүйд хүрээд байна л даа. Тэрбумтан болчихсон хүнд төрийн сайдыг хүн дагана уу, түшээд хүн хүчирхийлнэ үү, малчин иргэний олсон сум дэлбэрч амь насанд нь хүрнэ үү, байна уу ёстой түй ч хамаагүй байдаг байхаа даа.
Түүний оронд тэрбумынхаа хөрөнгийг эргэлдүүлж, хоёр гурван гэр бүлийн асуудал үүсгээд явж байсан нь түүнд амар биз.
Нэгэн цагт “ард түмний төлөө шударга зүйл ярьдаг өмгөөлөгч”, “Ийм өмгөөлөгчийнхөө төлөө хоолойгоо хэрчихэд ч бэлэн байна” гээд л хэвлэлийн хурал зарлаж байсан нөхдүүд одоо таг алга болчихоод байгаа өмгөөлөгчийнхөө тухай тайлбар хийхгүй юм байх даа.
Ядаж яаж тэрбумтан болсон юм. Одоо яагаад чимээ аниргүй болов гээд тодруулах зүйлс олон байна. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаярыг олоод өгөөч.
Амар