Нийслэлийн хэмжээнд нийтдээ 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 3770 ортой 26 цэцэрлэг 34.3 тэрбум төгрөг, 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийг 67.4 тэрбум төгрөгөөр барьж байгаа юм.
Үүнээс 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга энэ онд ашиглалтад орох юм. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусах юм. Ирэх жил 2305 ортой 13 цэцэрлэг, 320 суудал, нэг спорт заал бүхий хоёр сургуулийн барилга, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эдгээр засварын ажил хийж байгаа сургуулиас Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын тэргүүний 14-р дунд сургуулийн засварын ажил хамгийн их удааширч байна. Тус сургуулийн барилга 2013 онд бие засах өрөөнөөсөө эхэлж, нурж эхэлсэн. Тухайн үед Боловсролын яамныхан яаралтай засч шинэчлэн гээд сургуулийн багш сурагчдыг 30, 44, 92-р сургуулиуд руу шилжүүлсэн. Гэвч одоо хүртэл 14 дүгээр сургуулийн барилгын асуудлын шийдээгүй байна. Тус сургуулийн 1-3 ангийнхан Япон Улсын хөрөнгө оруулалтаар барьж, 2008 онд ашиглалтад оруулсан өргөтгөлдөө гурван ээлжээр, 4-5-р ангийнхан 30-р дунд сургууль дээр, 11, 12, 8-р ангиуд нь 44-р сургууль, 6, 9, 10-р ангийнхан нь 92-р дунд сургууль дээр тус, тус гуравдугаар ээлжийнх болон хичээллэж байгаа. Иймээс энэ сургуулийн засварын ажлыг түргэн шуурхай засварлаж ашиглалтад оруулах хэрэгтэй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Боловсролын салбарт хийгдэж байгаа их засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгах хэрэгтэй. Энэ онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг шахаж ирэх сарын 1-ний дотор дуусга. Гурван жил дамнан баригдаж байгаа ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгаж, сурагчдын хүлээн авах орчныг бүрдүүлэх хэрэгтэй” гэсэн үүрэг өгөөд байна.
Н.Алт