Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ.
Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг юм.
Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар болон Татварын ерөнхий газарт энэ сарын 8-ны өдөр тус тус хүргүүлэв.
Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.