Эцэг эхчүүд ХСИС-ийн хээрийн сургалтын төвтэй танилцлаа

Хууль сахиулахын их сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгчид өдгөө цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж буй билээ. Өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн тус сургалт наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гүнжийн хоолой дахь Их сургуулийн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд суралцагчдын эцэг, эх, ах, дүү, найз нөхдөд дээрх төвийн үйлажиллагаа, тэдний байрлан суралцажбуй байр, сургалтын орчин, хоол, орчныг танилцуулах “Нээлттэй хаалга” өдөрлөг 2017.08.05-нд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Хууль сахиулахын их сургуулийн удирдлагууд, сургалтын төвийн нийт бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийн төлөөлөл болох 600гаруй хүн оролцов.

Энэ үеэр Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ Их сургуулийн сургалтын төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг танилцуулан, суралцагчдад сурлагын амжилт хүсч, жилээс жилд ХСИС-д элсэн суралцах хүсэлтэй охид, хөвгүүдийн тоо нэмэгдсээр байгааг онцоллоо. Мөн өөрийн сул тал, муу зуршлаасаа салахыг элсэгчдэд үүрэг болгон, Их сургуулийн хувьд сонсогч, суралцагчид эрхэм болохыг сануулсан юм.

 

Ийнхүү элсэгчид тэнд хуран чуулсан зочдод сургалтын явцад биеийн тамирын дасгал хөдөлгөөн, урлагийн тоглолт, хичээлийн явц гээд сурч мэдсэн бүхнээ сонирхууллаа. Үүний дараа суралцагчдын ар гэрийнхэн тус төвийн хичээл сургалтын явц, суралцагсдын байртай биечлэн танилцаж, элсэгчдийн өдрийн хоолноос амтлав.

Өдгөө тус сургалтын төв нь контейнер хаус, байр, хоолны заал, хичээлийн танхим, биеийн тамирын талбай, жагсаалын талбай, буудлагын талбай, зэвсэгийн агуулах гэсэн материаллаг баазыг бүрдүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн суралцагчид болоод тэдний ар гэрийнхний дунд буухиа хөгжөөнт тэмцээн зохион явагдсан юм. Энэ бүхэнд суралцагчдын ар гэр, эцэг, эх сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Сургалтын төвийн үйл ажиллагааг сайшаав.

Өдгөө ХСИС-ийн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд 400 гаруй суралцагч тус сургуулийн Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургуульд элсэн суралцаж байна.

 

Тэд сургалтын хугацаанд цэргийн хэргийн мэдлэг, цэргийн жагсаалын дүрэм, галын бэлтгэл, сэтгэл зүй, биеийн тамир гэсэн хичээлүүдийг үзэж судлах юм. Мөн элсэгчдийг цэргийн албаны мөн чанар, багаар ажиллах чадварт суралцуулах, дүрмээр харьцах соёл, эх оронч үзлийг төлөвшүүлж, сэтгэл зүйн хувьд албаны ачаалал даах чадвар эзэмшүүлэх зэрэг нь тус сургалтын гол ач холбогдол юм. Цэргийн гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны одонт Хууль сахиулахын их сургууль нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын, Шүүхийн шинжилгээний байгууллагын боловсон хүчний 80 гаруй хувийг бэлтгэн гаргадаг Монгол Улсын ууган сургуулиудын нэг билээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …