Г.Ариунбуян: Эх орныхоо төлөө эвлэлдэн нэгдэж чадсан монголчууддаа баярлалаа

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.

-Монголчууд зовсон цагтаа эвлэлдэн нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ Бат­сүмбэрт гарсан ой, хээ­рийн түймрийн үеэр харуулж чадлаа. Он гар­саар улсын хэмжээнд 179 ой, хээрийн түймэр гарч, үүнийг унтраахын төлөө залуус сайн дураараа нэгдэж, гар бие оролцож бас хандив цуглуулсан. Та­най байгууллагын авраг­чид энэ үйл явдлыг хэрхэн хүлээж авсан бэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлэе?
-Яг үнэндээ ард иргэдийг ингэж сэтгэлийн дэм хайрлаж, гал түймэр унтраахад гар бие оролцоно гэж бодоогүй. Түймрийн голомтод ажиллаж, гал унтраана гэдэг амаргүй зүйл. Энгийн ард иргэд онцгой нөхцөлд ажиллах мэдлэг, туршлагагүй учир галын голомт руу оруулах боломжгүй. Гэхдээ ус зөөх, хоол унд бэлтгэж өгөхөөс эхлээд маш их тус болсон. Ард иргэдийнхээ тус дэмээр галыг хурдан хугацаанд унтрааж чадсан. Сайн дураа­раа нэгдсэн залуусын төлөөлөл 150 хүн Батсүмбэрт очиж гал унтраахад тусаллаа. Онцгой байдлын нийт албан хаагчдын өмнөөс Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлэхэд ч багадах болов уу.

-Одоогоор хичнээн газарт ой, хээрийн түймэр гарч байна вэ. Нөхцөл байдал газар дээрээ ямархуу байгаа вэ?
-Сэлэнгэ аймгийн Ман­дал суманд ой, хээрийн гурван түймэр гарч байгаагаас нэ­гийг нь цурманд оруулсан. Мөн Ерөө суманд ассан түймрийг цурманд оруулсан. Гал түймрийн голомтод манай албан хаагчид болон орон нутгийн иргэдийн хамтарсан 170 хүний бүрэлдэхүүн ажил­лаж байна. Энэ жилийн ой, хээрийн түймэр өмнөх жилүүдээс их онцлогтой. Учир нь долдугаар сараас хойш нийт нутгаар хэт хуурайшилт үргэлжилснээс болж, ой, хээрийн түймэр зуны улиралд анх удаа гарлаа. Монгол оронд гарсан түймрийн тохиолдлыг авч үзвэл, ойн сан, хээрийн сан бүхий газруудад гарч байна. Хүний буруутай үйлдэл нийт түймэр гарах шалтгааны 70 хувийг эзэлж байгаа бол үлдсэн 30 хувь нь хэт халалт, мод хоорондоо шүргэлцэх болон аянга цахилгаан цахих зэрэг байгалийн аюултай үзэгдлээс үүдэлтэй. Долдугаар сараас хойш гарсан гал түймрийн шалтгааныг байгалийн аюулт үзэгдлээс болсон гэж урьдчил­сан байдлаар дүгнэсэн.

Өнгөр­сөн үеийн мөн үеийнхтэй харьцуулахад түймрийн тоо 64 хувиар өсч, ой хээрийн бүсийн 171 мянган га талбай түймэрт өртсөн байна. Гал түймрийн гурван хэлбэр байдаг. Эхнийх нь их халалт, хуурайшлийн улмаас мод хооронд шүргэлцснээс болж гал гардаг. Энэ үед хүчтэй салхи салхилахад гал модны орой хэсгээр дамжиж хурдацтай тархдаг. Бас хүлрийн түймэр гэж бий. Өөрөөр хэлбэл, модны үндсээр дамжиж газрын гүнд гал гардаг. Нэг талд гарсан галыг унтрааж байхад нөгөө талд нь гал үндсээр дамжиж тархдаг гэсэн үг. Энэ их аюул­тай. Түймрийг цурманд оруу­лахад энэ мэт хүчин зүйлээс болж хүндрэлтэй байгаа ч манай албан хаагчид бүх нөөц бо­лом­жоо дайчлан ажиллаж байна.

-Өмнө нь танай байгуул­лагын алба хаагчдын ажлын нэг өдрийг сурвалжлах үеэр аврагчдын хувцас хэрэглэл маш хангалтгүй болох нь харагдсан. Үүнээс хойш таван жил өнгөрч. Хангамжийн байдал дээрдсэн үү?

-Онцгой байдлын бай­гуул­лага байгуулагдаад 14 жил болж байна. Таван жилийн өмнөхийг бодвол эрс сайжир­сан. Улсын төсөв болон олон улсын байгууллагын дэмжлэг, хөнгөлттэй зээлийн хүрээнд хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн онд гэхэд 15.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээг авч үзвэл, хүн нэг бүрийн хувцас хэрэглэл, аврах гал унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хангалтаас эхлээд шаардлагатай хэрэгцээнд бүрэн хүрэлцдэггүй. Онцгой байдлын албаны тээвэр, тоног төхөөрөмжийн хангал­тыг сайжруулах дунд хуга­цаа­ны дэд хөтөлбөрийг боловс­руул­сан. Одоогийн байд­лаар аврах гал унтраах зориулал­тын автомашин, тоног төхөө­рөмжийн хүрэлцээ 50 хувь, тусгай зориулалтын хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэл 30, холбоо, зарлан мэдээллийн хэрэгсэл 20 гаруй хувьтай байна.  Үүнийг 100 хувьд хүргэхийн тулд санхүүжилтийг зайлшгүй нэмэх ёстой. Тэгж байж жилээс жилд олширч байгаа эрсдлийн голомтот ажиллах нөхцөл, албан хаагчдын аюулгүй байдлыг бэхжүүлнэ.

-Энэ асуудлыг холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн үү?

-Дунд хугацааны дэд хөтөл­бөрөө боловсруулж, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэл­сүхэд танилцуулсан. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад танилцуулна.

-Аврагчид ямарваа эрсдлийн өмнөөс “ханцуй”-гаа шамлаад орж байна. Тэдний амь нас, эрүүл мэнд, нийгмийн баталгааг Гамш­гаас хамгаалах тухай хуулиар хэр хангалттай төвшинд зохицуулсан байдаг вэ?

-Гамшгаас хамгаалах тухай хууль 2003 онд батлагдсанаас хойш нэмэлт өөрчлөлтийг шат дараатай хийсэн. Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хууль батлагдсанаараа манай албан хаагчдын нийгмийн баталгаа, албан үүргээ гүйцэтгэх боломж бололцоо өмнөхөөсөө илүү сайжирсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх үедээ ердийн үед авдаг цалингаасаа гурав дахин илүү цалин авдаг болсон. Мөн үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан тохиолдод тухайн үндсэн цалинг 100 дахин нэмэгдүүлсэн тэтгэмжийг нэг удаа буцалтгүй олгодог. Түүнчлэн албан хаагчдын онцгой нэмэгдэл, мэр­гэшлийн зэрэг олгох асуудлыг хуульчилж өгснөөр нийг­мийн баталгаа, цалин сайжирсан. Үүнтэй уялдуулж, Засгийн газрын холбогдох дүрэм, журмыг шинэчилж, боловсруулах асуудал дээр ажиллаж байна.

-2017 оноос өмнө үүрэг гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан аврагчдад мөнгөн тусалж үзүүлж байсан юм болов уу. Учир нь 2007 онд болсон МИ-8 нисдэг тэрэгт танай байгууллагын 15 ав­рагч амь насаа алдсанаас гад­на харамсалтай явдал олон удаа тохиолдсон шүү дээ?

-2007 оноос хойш албан үүргээ биелүүлэх хугацаандаа 40 аврагч амиа алдсан. Эдгээр албан хаагчдад 2007-2008 онд даатгалын компаниас албан хаагч тус бүрт таван сая төгрөг, 2008-2011 онд 15 сая, 2012-2013 онд 20 сая, 2014-2015 онд 25 сая, 2016-2017 онд 30 сая төгрөг олгосноос гадна Онцгой байдлын албанаас 60 сарын буюу таван жилийн цалинтай тэмцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгосон. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан нисдэг тэрэгний ослоос долоон албан хаагч амьд үлдсэн. Эдгээр албан хаагчдыг Онцгой байдлын байгууллагаас тус бүрт 35 сая төгрөг, хандиваар таван сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Мөн жил бүр Өвөрхангай аймгийн Хужирт суманд шавар эмчилгээнд хамруулахаас гадна нарийн мэргэжлийн үзлэгт хамруулдаг.

-Амь насаа алдсан авраг­чийн ард эхнэр, хүүхдийнх нь нийгмийн асуудалд анхаарч ажиллах зэргээр ямар нэг эргэх  холбоотой байдаг уу?

-Эргэх холбоотой байдаг. Аврагчид маань зөвхөн өөрийн болон гэр бүлийнхээ төлөө бус эх орон, ард түмнийхээ төлөө үүрэг биелүүлж явахдаа амиа алдсан. Тиймээс тэдний ар гэртэй байнгын холбоотой байхыг хичээдэг. Жишээлбэл, МИ-8 нисдэг тэргийн ослоор амиа алдсан аврагчдын ар гэрийнхнийг жил бүрийн зурга­дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлдэг.

-Үүрэг гүйцэтгэх үедээ амиа алдвал амь нас, эрүүл мэндийн даатгалаас амь нас­ны даатгал олгодог гэлээ. Тэг­вэл гэмтэж бэртсэн үед ямар нэг дэмжлэг үзүүлдэг үү. Бай­гууллагын албан хаагч­дыг амь нас, эрүүл мэндийн даат­галд бүрэн хамруулдаг уу?

-Гамшгийн бүсэд байнга үүрэг гүйцэтгэдэг офицер ахлаг­чаас эхлээд бүх албан хаагчдыг нэг жилийн 35 сая төгрөгөөр амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг. Харин төв оффист ажилладаг албан хаагчид жилд 28 сая төгрөгийн даатгалд хамрагддаг. Хэрвээ гэмтэж, бэртвэл даатгалын хууль, журмаараа зохицуулдаг.

-Албан хаагчдын цалин хөлс, ажил үүрэг гүйцэтгэх нөх­­цөлтэйгээ уялддаггүй гэ­дэг. Цалин хөлс нэмэх цааш­лаад нийгмийн асуудлыг шийд­­­вэр­лэхэд ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?

-Цалин нэмэх тал дээр холбогдох байгууллагад асуудал хүргүүлэхээр ажиллаж байгаа. Нийгмийн асуудлын хувьд дэд бүтэц нь шийдэгдсэн газар дээр орон сууц барих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Жишээлбэл, аврах гал унтраах 56 дугаар ангийн байрлалд 72 айлын орон сууцыг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Мөн 63 дугаар ангийн байрлалд 300 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр болсон. Түүнчлэн орон нутаг дахь аврах ангиуд өөрсдийн газар дээр алба хаагчдадаа зориулсан орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлж байна.

-Онцгой байдлын бай­гууллагад аврагчаар ажил­лана гэдэг багагүй эр зориг шаардсан ажил. Жилд дунджаар аврагчаар ажиллах сонирхолтой хичнээн залуус танай байгууллагад ажлын хүсэлт ирүүлдэг вэ?

-Энэ албанд ажиллаж байсан, ажиллаж байгаа авраг­чид бол эх орон, ард түмнийхээ төлөө авралынхаа гараа сунгадаг хамгийн зориг, зүрхтэй залуус юм шүү дээ. Маш их эр зориг, тэсвэр тэвчээр шаарддаг хүмүүнлэгийн үйлс гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд онцгой байдлын алба хаах сонир­холтой залуусын тоо нэмэгдсэн. Онцгой байдлын алба хаагчдын ажил, үйлсийг ойлгож, хүндэлж олон сайхан нийтлэл, сурвалжлагыг сэтгүүлчид бэлтгэж, олон нийтэд хүргэдэг болохоор залууст ийм сэдэл төрүүлдэг болов уу. Хоёрдугаарт, манай байгууллага бүс нутагтаа төдийгүй дэлхийд гамшгаас хамгаалах үйл ажил­лагаа, тогтолцоо, авч хэрэгжүүлж байгаа менежмент илүү далайцтай явагдаж байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн най­руулга энэ онд батлагдсан гэж дээр хэлсэн.

Үүнийг “Тогтвор­той хөгжлийн үзэл баримт­лал-2030”, Парисийн конвенци, “Гамшгийн үйл ажиллагааг бууруулах Синдан үйл ажиллагааны хүрээ-2015” зэрэг баримт бичгийн хүрээнд хуулийн шинэчлэлээ хийсэн дэлхий дээрх анхны улс манайх болсон. Үүнийг НҮБ-ийн Гамш­гийн эрсдлийг бууруулах газраас өндрөөр үнэлсэн байдаг. Ирэх онд Азийн сайд нарын II бага хурал манай улсад зохион байгуулагдана. Энэ нь дэлхийн нийтэд Мон­гол Улсын Засгийн газар, Онцгой байдлын байгууллага гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр тогтвортой бодлого явуулдаг болохыг харуулсан үйл явдал болов уу. Энэ олон хүчин зүйлээс шалтгаалж залуучууд маань манай албанд орох хүсэл эрмэлзэл нэмэгдсэн байх. Манай байгууллага албан хаагчдаа Хууль сахиулахын их сургуульд дөрвөн жилийн хугацаанд бэлтгэдэг. Харин аврах гал сөнөөгч, аврах гал унтраах зориулалтын автома­шины жолоочийг дөрвөн сарын хугацаанд бэлтгэдэг. Энэ жил гэхэд 200 гаруй албан хаагч дамжаагаа төгсч, эхнээсээ орон нутагт томилолт авсан.

-НҮБ-ын шугмаар “Гамш­гийн эрсдлийг бууруулах” төсөл хоёр үе шаттайгаар танай байгууллагад хэрэгж­сэн. Төслийн хүрээнд танай байгууллагад хамгийн их өгөөжөө өгсөн зүйл юу байв?

-Олон улсын байгууллагын тусламжаар хэрэгжсэн бүх төсөл хөтөлбөр үр өгөөжөө өгсөн. Манай байгуулла­гын тогтвортой үйл ажилла­гаанд ч гэсэн ихээхэн нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбө­рийн шугамаар хэрэгжсэн “Онцгой байдлын байгуулла­гын гамшгаас хамгаалах менеж­мэн­тийн тогтолцоог сайж­руу­лах”, “Орон нутгийн гамшигтай тэмцэх менеж­мэнтийн тогтолцоог бэхжүү­лэх” төсөл маш их үр өгөөж өгсөн.

Ялангуяа манай байгуул­ла­гын хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах болон албан хаагчдыг чадавхжуулах, орон нутгийн төвшинд ард иргэ­дийн гамшгийн эрсдэлийг бууруу­лах үйл ажиллагааг бэх­жүүлэх, орон нутгийн засаг захиргааны мэргэжлийн анги байгууллага, сайн дурынхны үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд тусгай хөтөлбөрийг хэрэгжүүл­сэн. Түүнчлэн техник, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэ­лээр Австри Улсын Засгийн газартай байгуулсан хэлэлцээ­рийн дагуу төсөл хэрэгжүүлж, 16 гал унтраах автомашиныг манай байгууллагад хүлээлгэж өгсөн. Мөн “Жайка” олон улсын байгууллагатай хамтарч хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гал унтраах автомашины техник тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн хүрээнд 22 автомашин нийлүүлсэн. Энэ мэтчилэн үр өгөөжөө өгсөн төсөл хөтөлбөр олон бий.

-Одоо ямар төсөл хэрэгжиж байгаа вэ?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Японы “Ядуур­лыг бууруулах сан”-гийн дэмж­­лэг­тэй зуд, ой, хээрийн түй­­мэртэй тэмцэх, чадавхийг сайж­­­руулах төсөл таван аймгийн 12 суманд хэрэгжих гэж байна.

-Ой, хээрийн түймэр гар­сан­тай холбоотой фэйсбүүкээр хандив цуглуулах аян өр­нөж байсан. Энэ хандивын мөнгө танайд хүлээлгэж өгсөн үү?

-Албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл одоогоор алга. Манай байгууллага ганц л хандивын данс нээсэн. Үүнийгээ олон нийтэд албан ёсоор мэдээл­лэсний дагуу хандиваа энэ дан­саар цуглуулсан. Үүний хажуугаар хуурамч хандивын аян өрнүүлэх эрсдэлтэй учир ард иргэдэд болгоомжтой байхыг анхааруулсан.

-Хандивын дансанд өнөөд­рийн байдлаар хэдэн төгрөг цугларсан бэ?

-Онцгой байдлын Ерөнхий газрын хандивын дансанд өчигдрийн (уржигдар) байдлаар 792 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 779 сая 603 мянган төгрөг цугларсан. Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага, иргэд, “Гал сөнөөгчдөд туслах фэйсбүүк групп”-ээс цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр, явуулын эмийн сан зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөн. Тусламжаар ирүүлсэн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдын ну­тагт түймрийн голомтод ажил­лаж байгаа албан хаагч, ир­гэ­дэд цаг алдалгүй хүргүүл­сэн.

-Хандивын мөнгийг нисдэг тэрэг авахад зарцуул­на гэсэн. Гал унтраах зориу­лалт бүхий нисдэг тэрэг авахад хичнээн төгрөгийн санхүү­жилт шаардлагатай юм бэ?

-Гал унтраах зориулалтын, эрэн хайх зориулалтын 4-5 төрлийн нисдэг тэрэг авахад ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Манай улсад ашиглагдаж байгаа МИ-171Е гэсэн загварыг ОХУ-д үйлдвэрлэдэг. Зах зээлийн дундаж үнэ нь 20 тэрбум төгрөг. Аврах ажиллагаа болон эрэн хайх зориулалттай евро стандартын EC загварын нисдэг тэрэг гэхэд 17 орчим тэрбум төгрөгийн үнэтэй.

-Нисдэг тэрэгний жолооч­дыг танай байгууллага бэлт­гэсэн үү?

-Жолоочийн хувьд бэлтгэгд­сэн хүмүүс бий. Зэвсэгт хүчнээс эхлээд иргэний хамгааллын салбарт хангалттай байгаа. Гэхдээ мэдээж гал унтраах тусгай сургалт зохион байгуулж, хамруулах ёстой. Яагаад гэхээр, энэ чиглэлийн аврах ажил­лагаанд оролцож байсан туршлага тэдэнд байхгүй. Тий­мээс дадлага туршлагыг суулгаж өгөх сургалтад хамруу­лах шаардлагатай.

-Улсын эдийн засаг хям­ралтай байна. Гэсэн ч энэ зун гарсан ой, хээрийн түймрээс гал унтраах зориулалтын нисдэг тэрэг зайлшгүй шаард­лагатай болох нь харагдсан. Энэ талаараа Шадар сайдад уламжилсан уу?

-Дунд хугацааны хөтөлбөрт тусгаж, танилцуулсан. Хэрвээ нисдэг тэрэг худалдаж авах бо­ломжгүй тохиолдолд гар унтраах зориулалтын савыг МИ-171Е нисдэг тэргэнд суу­ри­луулах боломжтой. Гэхдээ энэ нисдэг тэрэг манай байгууллагын мэдлийнх биш шүү дээ. Зэвсэгт хүчинд хамааралтай.

-Энэ жил нийслэлчүүдэд ээлгүй жил байна уу гэж харахаар байна. Ой, хээрийн түймэр нийслэлийн хаяанд ирсэн. Мөн мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороо, Төв аймгийн Сэргэлэн сум зэрэг хүн ам шигүү байршилд гарлаа. Хэдхэн хоногийн өмнө Дундговь аймагт гарсан гэх мэдээллийг танайхаас өгсөн. Хорио цээрийг чанд сахиж байгаа хэрнээ халдвар даамжрах талдаа орчихлоо. Энэ ямар учиртай юм бол?

-Малын гоц халдварт өвчин тэр дундаа шүлхий өвчний тархалт сүүлийн жилүүдэд буурахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож ажиллаж байна. Тухайн бүс нутагт орж ирсэн мал бүхий иргэдийг хөл хорионд оруулах, халдвар авсан малыг устгалд оруулах, бусад малыг вакцинд хамруулах ажил хийгдэж байна. Халдварын голомтод 60 гаруй хүн хүч, 10 гаруй машин техниктэй  ажиллаж байна. 3400 гаруй мал байна гэсэн судалгаа бий. Эндээс үзвэл, Улаанбаатар хотын ойр орчимд мал маллахыг хязгаарлахгүй бол хорио цээрийн дэглэм барьж ажиллахад улам хүндрэлтэй болно. Хүн, малын хөлөөс гадна автомашины хөдөлгөөнөөр дамжиж халдварлах тархахыг үгүйс­гэхүй. Тиймээс нийслэл тэр дундаа ногоон бүсэд байрлалтай мал бүхий иргэдийг хотын бүсээс гаргах асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан.

-Өөр хаана, хаана шүлхий өвчин гарсан бэ?

-Дундговь аймгийн Гурвансайхан сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Дорнодын Цагаан-Овоо суманд шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон.

-Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд халдвар авсан малыг устгалд оруулж, улсаас нөхөн олговор олгодог. Нөхөн олговрын хэмжээг яаж тогтоодог юм бэ?

-Тухайн жилийн зах зээлийн ханшаар тооцож тогтоодог.  Жишээл­бэл, нэг хонь 100 мянган төгрөг байвал энэ үнээр олгоно. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх нь чухал. Вакцинжуулах ажил ямар төвшинд байна вэ гэдгээс эхлээд мал эмнэлгийн тогтолцоогоо эргэж харахгүй бол энэ асуудал намжихгүй. Мал эмнэлэг нь хувийн хэвшилд хамаардаг боло­хоор мал эмнэлгийн эмч вакцинаа стандартын дагуу тарьсан эсэх, тарьлаа гэхэд малчин айл вакцинд малаа бүрэн хамруулсан эсэхийг хянахад хүндрэлтэй.

-Удахгүй хүйтний улирал эхэлж, отор нүүдэл эхэлнэ. Гэтэл ихэнх нутгаар шүлхий өвчин гарчихлаа. Энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авч ажиллах уу?

-Тухайн хорио цээр тогтоосон бүс нутгаас ямар ч малыг тууварлах, сэлгэх, оторлохыг хориглоно. Хорио цээр цуцлагдсан тохиолдолд отор нүүдэлд явахыг нь зөвшөөрнө.

-Долдугаар сараас хойш бороо их орсноос болж хэд хэдэн газарт үер боллоо. Завьтай эргүүлийн бэлтгэл, хувцас хэрэглэл бүрэн хэмжээнд байгаа юу?

-Он гарснаас хойш үер, усны ослоор 85 хүн амиа алдсан. Голын эрэг дагуу зугаалж явахдаа санамсар болгоомжгүйгээс болж усанд үйдэг. Дээр нь бага насны хүүхдэдээ анхаарал тавьдаггүй. Голын эрэг дээр, тогтоол усанд тоглож байсан бага насны хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Мөн баталгаагүй замаар тээврийн хэрэгслээр зорчих, загасчлах үедээ аюулгүй байдлаа хангаагүй зэргээс болж амиа алдсан гээд жилд дунджаар 110 орчим хүн амь насаа алдаж байна. Хамгийн гол нь иргэд сонор сэрэмж, анхаарал болгоомжгүйгээс болж амь насаа эрсдэлд оруулж байгаагаа ойлгох хэрэгтэй. Туул гол дагуу 16 алба хаагч хоёр ээлжээр ажилладаг. Хар усан тохойд Нийслэлийн Аврах ангиас хавар, намрын улиралд бэлтгэл сургуулилтад хамруулдаг. Түүнчлэн аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнийг Өгийн нууранд жил бүр бэлтгэлд хамруулдаг. Аврах ажиллагааны завь, хувцсын хувьд бүрэн хангагдсан. Харин усны гүнд эрэл явуулах усны камер дутагдалтай байгаа.

-Манай улсад огт байдаггүй юм уу?

-Нийслэлд л ганцхан бий. Хөдөө орон нутагт байхгүй. Дээр нь орон нутагт эрэн хайх бүлгийн орон тоо хангалтгүй байгаа. Тэр бүр ажиллах нөхцөл бололцоо байдаггүй. Ийм нөхцөлд усны камер зайлшгүй шаардлагатай.

“Үндэсний шуудан” сонин 2017.08.09

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …