Өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна. Ц.Баасандорж өмгөөлөгч мэдээлэл өгсний дараа Ч.Батболдын эхнэр Л.Байгалмаа мэдээлэл өглөө.
-Үүрээр Ч.Батболдыг баривчлан авч явсан талаар мэдээлэл цацагдаад байгаа. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Манайх том тагттай хуучны байрны дөрөвдүгээр давхарт амьдарч байгаа юм. Гэтэл үүрээр 4 цагийн орчимд маш чангаар шил хагарах чимээ дуулдаж, цахилгаан бороохой тачигнаад, хүмүүс орилж хашгираад, бороохойгоор “хүүе хаая” гээд гээд эхэлсэн. Сандраад босоод хартал манай нөхрийг доош нь газар тонгойлгоод гавлачихсан байсан. Тухайн үед манай гурван хүүхэд гэртээ байсан. Бага нь дөрвөн настай, том нь 13 настай, дунд хүүхэд найман настай юм. Хүүхдүүд орилолдоод л байсан. Юу болж байгааг нь, хаашаа авч явж байгааг нь асуутал намайг ойртуулахгүй, хэлж өгөхгүй, шууд л аваад гарчихсан.
-Яг хаанаас явж байгаагаа тодорхой хэлсэн үү?
-Нэг үнэмлэх үзүүлсэн. Мөрдөгч Сайнжаргал гэсэн байсан. 9910-тай дугаараа бичиж өгсөн.
-Цонхоор чинь орж ирсэн гэсэн?
–Тиймээ. Цонх хагалж орж ирчихээд, явахдаа шүүрдээд цэвэрлэчихье гэхээр нь “Яах юм бэ, та нар одоо явчих, би хаалга үүдээ түгжье” гэсэн. Учир нь хүүхдүүд айж орилолдоод, бага хүүхэд маань айсандаа бараг өмдөндөө шээсэн байсан. Тэгтэл “Шилээ цэвэрлэнэ” гэж хоёр, гурвуулаа дайрсаар байгаад хагалсан шилээ цэвэрлээд, хоёр гурван давхар уутанд хийгээд аваад явсан.
-Танд ямар нэгэн тайлбар хэлсэн үү?
-Мэдээлэл ирсэн, диск гэрт чинь байгаа гэж хэлсэн. Хаашаа авч явснаа хэлээгүй. Бас гэрт байсан бүх утсыг аваад явсан.
Н.Алт