Гадаад паспорттай холбоотой асуудлаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.
– Зуны улиралд гадаад паспортын ачаалал эрс нэмэгддэг. Ер нь өдөрт хичнээн хүнд үйлчилгээ үзүүлж байна вэ ?
Өдөрт 1000 гаруй иргэн гадаад паспортын үйлчилгээ авахаар хандаж байна. Үүнээс өдөрт 700-800 хүнийг хүлээн авч, 560-600 иргэний гадаад паспортыг олгодог. Мөн өдөрт 150 гаруй иргэний гадаад паспортын сунгалтыг хийдэг. Уг нь багтаамжаараа өдөрт 500 хүн хүлээн авах ёстой. Гадаад паспорт авах хүмүүсийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн эцэст 290 мянга гаруй паспортыг шинээр олгож байсан бол он гарсаар одоогийн байдлаар 215 мянган гадаад паспорт шинээр олгож, 34 мянга гаруй иргэний гадаад паспортыг сунгасан. Мөн 2016 онд монголчууд 98 оронд зорчдог байсан бол энэ жил 168 улсад зорчиж, гадагшаа явах хэрэгцээ нэмэгдсээр байна. Орон нутагт гадаад паспорт ажлын 20 хоногт гардаг болохоор хөдөөнөөс иргэд ирж гадаад паспорт авах нь ч нэмэгдэж байгаа юм.
– Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ ?
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвд хандаж байгаа иргэдийн тоо ч нэмэгдэж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын энгийн захиалга, олголт, сунгалтыг хийж байгаа. Харин яаралтай үйлчилгээ үзүүлдэггүй. Мөн дүүрэг харгалзахгүй дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсүүдээр гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс иргэд та бүхэн гадаад паспортаа сунгуулж, энгийнээр захиалах тохиолдолд заавал 100 айлыг зорих шаардлагагүй.
– Иргэдийн зүгээс бичиг баримтаа дутуу бүрдүүлж ирэх тохиолдол гардаг уу ?
Иргэд бичиг баримтандаа маш хариуцлагагүй хандаж байна. Гадаад паспортаа хаяж, үрэгдүүлж, гадагшаа явахдаа паспортынхаа хугацааг нь шалгаагүйгээс болж хугацааг нь тулган захиалдаг. Гадаад явах гээд билетээ авчихсан хойно паспортаа шалгадаг. Явах хугацаагаа тооцоололгүй хугацааг нь тулгаж ирчихээд бид нараас илүү зүйл шаардаад байдаг. Түүнчлэн паспортаа захиалахдаа иргэний цахим үнэмлэхээ сунгуулаагүй, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг өөрсдөөсөө шалгаалсан олон зүйлээс болж ачааллыг улам нэмэгдүүлээд байдаг юм. Тиймээс иргэд маань бичиг баримтандаа маш хариуцлагатай хандах хэрэгтэйг дахин дахин сануулмаар байна.
ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД
– Цахим үнэмлэх
– Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
– 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг бүрдүүлнэ / Сүүлийн 6 сарын дотор авхуулсан, цагаан фонтой, чих, дух ил гарсан, зургийн 90 хувь нь толгойн хэмжээтэй байх /
-Төлбөр төлсөн баримт
– Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа
ТӨЛБӨР: 1 жилээр бол 22500 төгрөг, 5 жилээр авах тохиолдолд 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ.
Төлбөрөө дараах дансанд тушаана. Үүнд:
ГОЛОМТ БАНКНЫ ДАНС
Паспортын үнэ 5 жил – 12500 төгрөг / 1401001093 /
Тэмдэгтийн хураамж – 5000 төгрөг / 1401002649 /
Бичилтийн үнэ – 15000 төгрөг / 1401001218 /
Яаралтай үйлчилгээ – 10000 төгрөг / 1401001101 /
ТӨРИЙН БАНКНЫ ДАНС
Паспортын үнэ 5 жил – 12500 төгрөг / 106000018212 /
Тэмдэгтийн хураамж – 5000 төгрөг / 106000002476 /
Бичилтийн үнэ – 15000 төгрөг / 106000019339 /
Яаралтай үйлчилгээ – 10000 төгрөг / 106000018204 /
ПАСПОРТ ГАРАХ ХУГАЦАА: Энгийнээр өгвөл ажлын 10 хоногт
Яаралтайгаар өгвөл ажлын 3 хоногт багтаж гардаг
ГАДААД ПАСПОРТ ДАХИН АВАХАД
– Цахим үнэмлэх
– Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
– Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
– Өмнө авсан гадаад паспортыг авчирч ирнэ
– Төлбөрийн хувьд шинээр авах төлбөртэй ижил
ГАДААД ПАСПОРТЫН СУНГАЛТ ХИЙЛГЭХЭД
– Цахим үнэмлэх
– Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
Анхаарах зүйл: эзэн нь өөрийн биеэр ирж материалаа өгнө эсвэл итгэмжлэлтэй хүн материалыг нь өгөх боломжтой
– Гадаад паспортын сунгалтын хугацааг тасралтгүйгээр сунгах бөгөөд эзэмшигч тасралтгүй сунгасан хугацааны төлбөрийг төлнө
-Төлбөр: Гадаад паспортыг 1-5 жилийн хугацаатайгаар сунгуулах боломжтой. Нэг жилээр 4500, хоёр жилээр 6500, гурван жилээр сунгуулах бол 8500 төгрөгийн үнэтэй. Харин дөрвөн жилээр 10500, таван жилээр сунгуулбал 12500 төгрөг төлнө.
ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД
– Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
– Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
– 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
– Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
– Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх / Зуун айлд байрлах голомт банкны салбараас авах /
Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил
ГАДААД ПАСПОРТ ХАЯЖ ҮРЭГДҮҮЛСЭН, ГЭМТЭЭСЭН ТОХИОЛДОЛД ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
– Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын газарт өргөдөл гаргана
– Торгуулийн хэмжээг хяналтын улсын байцаагч тогтооно
– Торгуулийг бэлэн мөнгөөр төлөх бол голомт банкны 1401001113 дансанд тушааж баримтыг авч ирэх эсвэл Visa карттай бол цонхон дээр машинд уншуулж төлж болно
– Торгуулийг төлснөөр шийтгэврийн хуудас бичиж паспорт хүчингүй болно
– Хяналтын улсын байцаагчаар гадаад паспорт хүчингүй болгуулсны дараа А, Б заалны 1-10 дугаартай үйлчилгээний цонхонд дугаарын дагуу шинээр гадаад паспорт захиална
ХААНА ХАНДАХ ВЭ?
Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний 2 дугаар байрны 2 давхрын 1-9 дугаарын цонхон дахь гадаад паспортын улсын бүртгэгч нарт, харин хөдөө орон нутагт бол өөрийн оршин суугаа харьяа газрын Улсын бүртгэлийн хэлтэст хандана. Мөн Дүнжингарав, Драгон, Мишээл төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаж, гадаад паспортаа энгийнээр захиалах боломжтой.
Эх сурвалж:ОӨУБЕГ