“Ар гүнт”-ээс Улаанбаатар орох чиглэлийн авто замд өчигдөр автомашины ноцтой осол гарчээ. Тодруулбал,“Lexus 470” маркийн автомашины жолооч согтуугаар жолоо барьж яваад “Toyoto crown” “Land cruiser” зэрэг гурван автомашинтай мөргөлдсөн байна. Энэхүү ослын улмаас нэг автомашин шатаж, нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байна.
Хэргийн газарт онцгой байдлын алба хаагчид болон Замын цагдаагийнхан шуурхай ажиллажээ. Согтуу жолооч хажуудаа хоёр орчим насны хүүхэд суулгаж явжээ. Харин мөргүүлсэн автомашинд нэг жирэмсэн эмэгтэй, гурван эрэгтэй, хоёр хүүхэд нийт зургаан хүн зорчин явж байжээ. Уг мөргүүлсэн автомашинд зорчиж явсан хоёр хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэйг ГССҮТ-д иргэд хүргэж өгчээ. Одоогоор тэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж .
“Lexus 470” жийп машин жолоодож явсан эрэгтэй биеэ хянах чадваргүй их хэмжээний согтолттой байсныг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Улмаар осол гаргасан согтуу жолооч зам голлож, урсгал сөрж явсан бөгөөд осолд өртсөн машин тухайн машиныг өнгөрөөх золигоор замын хашлага налж зогссон ч, удалгүй согтуу жолооч ирж мөргөжээ. Хэргийн газарт ажилласан замын цагдаа нар согтуу жолоочийг шууд баривчилж, автомашиныг журамласан байна.